Тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа юм. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг нар оролцох аж. Уг хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын гэм буруутай нь нотлогдоогүй учир Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Харин гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, хэргийг өнгөрсөн сард хэлэлцээд, зургаан жилийн хорих ял оноосон ч 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харин харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ. Тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм.