
Хэн ч гэсэн эх орноо элгэн саднаа муу, муухайгаар дуудуулахыг хүсдэггүй. Тэр тусмаа балга усгүй, байгалийн баялаг ч үгүй үгээгүй ядуу улс ч байсан хөгжин дээшлэх дэвжих хүсэл тэмүүлэлээр ч дүүрэн байдаг биз. Тэр тусмаа нэг хэсэгтээ алтан дээр суусан гуйлгачид гэж өөрсдийгөө “өхөөрддөг” байсан монголчуудын хувьд дэлхийн эдийн засгийн харааг өөр рүүгээ татахуйц тоглогч гараан дээрээ байгаа энэ үед улс төрийн элдэв толхилцооноос илүү эх орноо дэлхийн тавцанд гаргах их эдийн засгийн, нарийндаа бол иргэдээ эх орондоо аз жаргалтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх бололцоог хангах асуудал л өнөөдөр чухал гэдгийг сануулах гэсэн юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хэн ч сонгуульд ялалт байгуулж засгийн эрхийн төлөө тэмцэж болно, бас хэн ч засгийн эрх барьсан гэлээ ч эдийн засагт эхлүүлэхээр нөөсөн их асуудлуудаа бүү мартаасай гэж сануулмаар байна.
Байгалийн баялгаараа дэлхийн шохоорхлыг татаж байгаа монголчуудын хувьд хоёр сая гаруйхан монголчуудыг битгий хэл дэлхийн тэн хагасыг ч алмайруулж мэдэх томоохон ордуудын ашиглалт олборлолтыг хэрхэн ухаалаг бөгөөд ашигтайгаар явуулах вэ гэсэн том асуудал бий. Энэ бол Оюутолгой, Тавантолгой хийгээд бусад стратегийн ач холбогдолтой ордуудын ашиглалтын тухай асуудал гэдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Эдийн засгийн их үсрэлтийг угтуулаад Сайншандад аж үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, нэг улсаас хараат шахам төмөр замын дэд бүтцээ Ази-Европыг холбох их бүтээн байгуулалт болгох, уул уурхайн анхан шатны түүхий эд хямдаар олборлон гаргах бус эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хүнд үйлдвэрлэлийн хүчирхэг гүрэн болгох гээд бидэнд төлөвлөсөн ажил олон бий. Их эдийн засгийн хувьд ухарч болохгүй эдгээр болон бусад асуудлууд дээр дөрөөлөн иргэд бидний олонхийн хүлээн хүсч байгаа жилийн зургаан хувийн зээлээр орон сууцтай болох, хашааныхаа газрыг бусдад дээрэмдүүлэлгүйгээр цэвэр бохир ус, цахилгааны хангамжтай, зам харгуйгаар холбогдсон хаустай болох мөрөөдөл маань биелэх учиртай.
Энэ бүхэн бол хэдийгээр одоо биелээгүй байгаа ч өмнө эрх барьж байсан улс төрийн хүчнүүдийн, өнөөдөр итгэлээ хүлээлгэж байгаа нам эвслүүдийн мөрийн хөтөлбөртөө тусгасан асуудлууд. Бас бидний магадгүй үүнийг амлаж байсан нам хүчний биелээсэй гэж хүсч байсан хөтөлбөрүүд. Дээр хэлсэнчлэн улс төрийн нам хүчний гол зорилго нь төрийн эрх мэдлийг барих явдал хэдий ч энэ удаад аминчлан гуйх гэж байгаа зүйл маань аль нам хүчин нь ч санаачилсан хамаагүй, өмнө нь санаачлаад хэрэгжүүлж амжаагүй байсан ч гэсэн энэ бүх хүний өөрийн хүсэл болсон хөтөлбөрүүдийг сайныг нь улам сайжруулж, саарыг нь шигшиж хэрэгжүүлээсэй билээ. Би ээждээ хайртай байхад чи илүү хайртайгаа илэрхийлэх гэж байгаад бүтээгүй гэж хэний ч хүүхэд боддоггүй шиг аль ч намын санаачилж, хэрэгжүүлэх гэж зүтгэж байсан хөтөлбөр төслийг хүнийрхэх сэтгэлээр хөргөлгүй үргэлжүүлж, бас бидний хийх гэж, хийж эхлээд байсан ажлыг эднийх өөрийнх болгож байна гэж гомдоллохгүйгээр эх орондоо, эдийн засагтаа яг үнэн хэрэгтээ иргэддээ хэрэгтэй эдийн засгийн хөтөлбөр төслүүдээ хүний өөрийн гэхгүй хэрэгжүүлээсэй л гэж иргэн хүний хувьд гуйж, бас шаардаж, анхааруулах гэсэн юм. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч ч, хэзээ мөдгүй албаа хүлээлгэн өгөх гэж байгаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд ч, саяхан сонгуульд ялалт байгуулаад догдолж байгаа маргаашийн УИХ-ын гишүүд ч, өнөөдөр зургаан хувийн зээл хүсэмжилж суугаа гэр бүлийнхэн ч, хашааныхаа шавар амбаарыг хаус болгохыг мөрөөдөж байгаа эхнэр нөхөр хоёр ч, бид бүгдээрээ, яндаж баршгүй далай шиг баялагтай Монгол Улсын иргэд билээ. Миний эрх чөлөө, эрх ашиг бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг. Бидний эрх ашиг, эрх чөлөө эх орондоо амгалан сайхан амьдрах л билээ.