“Евро-2012”-ыг эргэн дурсахад

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

“Евро-2012”-ыг эргэн дурсахад

Евро-2012 ийнхүү өндөрлөлөө. Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнд чухам хэдэн төгрөг зарцуулж, хичнээн хүн үзэж, тоглолтын үеэр ямар тамирчид сонирхолтой баримтын эзэн болсоныг хүргэж байна.

Тэмцээний тухай сонирхолтой баримт:

  • Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн түүхэндээ анх удаа зүүн европын улсуудад зохиогдсон юм.
  • Энэ жилийн тэмцээн хоёр улсын дөрвөн хотын, найман цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн билээ. Польшийн Гданск, Познан, Варшав, Вроцлав хот, Украйн улсын Донецк, Львов, Харкив, Киев хотуудын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болсон ажээ.
  • Энэ жилийн европын аварга шалгаруулах тэмцээн 16 улс оролцож аваргын төлөө өрсөлдөх сүүлийн тэмцээн болсон юм. Учир нь 2016 оны европын аварга шалгаруулах тэмцээнд сонгон шалгаруулах тэмцээнээс шигшэгдсэн 24 улс аваргын төлөө өрсөлддөг болох ажээ.
  • Европын аваргын цомыг цул мөнгөөр хийдэг бөгөөд бүтээхэд 20 мянган еврог зарцуулжээ. Өндөр нь 60 см, хүнд нь 8 кг юм байна.
  • Тэмцээн зохион байгуулсан Украйн улсын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн нь Киев хотын “Үндэсний спорт цогцолбор” бөгөөд 60 мянган хүний багтаамжтай ажээ. Энэ нь энэ тэмцээний хамгийн том цэнгэлдэх юм. Харин хамгийн бага багтаамжтай цэнгэлдэхээр Львов хотын цэнгэлдэх хүрээлэн тодорчээ. Энэ цэнгэлдэх нийтдээ 35 мянган хүний багтаамжтай аж.
  • Тэмцээн зохион байгуулсан нөгөө улс болох Польшийн хамгийн том цэнгэлдэх нь Варшав хотын “Үндэсний цэнгэлдэх хүрээлэн” бөгөөд 50 мянган хүний багтаамжтай аж. Харин бага цэнгэлдэх нь Вроцлав хотын цэнгэлдэх юм байна. Нийтдээ 40 мянган хүний багтаамжтай ажээ.
  • Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа хамгийн өндөр чансаатай улс бол Испанийн шигшээ баг билээ. Тэд ФИФА-гийн чансаагаар нэгдүгээр байранд бичигддэг юм.
  • Харин чансаа хамгийн багатай улсаар Польш тодорсон юм. Тэд ФИФА-гийн чансаагаар 65 дугаар байранд эрэмбэлэгджээ.
  • Европын аваргад шалгарсан улс тус бүрт найман сая евро олгосон бол хэсэгтээ ялалт байгуулсан бол ялалт бүрд нь нэг сая евро, тэнцээ бүрд нь 500 мянган евро өгчээ. Шөвгийн наймын тоглолтод ялалт байгуулсан улсад хоёр сая евро өгдөг бол хагас шигшээд ялсан улсад 4,5 сая еврог өгсөн байна. Харин тэмцээнд ялалт байгуулсан улсад 7,5 сая еврог олгосон аж.
  • Украйн улс европын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа улс юм.
  • Энэ жилийн европын аваргын бэлэг тэмдэг болох хоёр хүүхэлдэйг Славек, Славко гэж нэрлэдэг ажээ.
  • Герман, Голланд, Англи, Итали улсын шигшээ багууд дэлхийн хоёрдугаар дайны хар бараан түүхийн эзэн болсон Аушвицийн хорих лагерьт очиж нас барагсдын дурсгалыг хүндэтгэж, түүхтэй нь танилцжээ.
  • Энэ удаагийн тэмцээнд бэртэлийн улмаас нийтдээ 59 тамирчин оролцоогүй ажээ. Энэ нь Европын аваргын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт юм байна.

Тоглогч, дасгалжуулагчдын тухай сонирхолтой баримт:

  • Энэ удаагийн европын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон хамгийн хөгшин тамирчнаар Грекийн шигшээ багийн Костас Чалкиас тодорсон байна. Тэрээр энэ жил 38 настай аж.
  • Хамгийн залуу тамирчнаар Голландын шигшээ багийн  Жетро Виллемс тодорчээ. Тэрээр энэ жил 18 настай аж. 
  • Хамгийн олон тэмцээнд оролцсон тамирчнаар Испанийн шигшээ багийн Икер Касияс тодорсон бөгөөд нийтдээ 129 удаагийн олон улсын тэмцээнд оролцсон байна.
  • Олон улсын томоохон тэмцээнүүдэд хамгийн их гоол оруулсан тамирчин бол Мирослав Клозе юм. Тэрээр 63 гоол оруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд түүнийг гүйцэх тамирчин нэг ч байгаагүй билээ. 
  • Энэ удаагийн тэмцээнд европын клубуудэд тоглодоггүй хоёр тамирчин оролцсон байна. Ирландын шигшээ багийн Робби Кийн АНУ-ын дээд лигийн Лос Анжелес Галакси багт тоглодог бол Шведийн шигшээ багийн Кристиан Вилгельмсон Сауди Арабын дээд лигийн “Аль Халил” багт тоглодог ажээ. 
  • Харин үндэсний шигшээ багийг тухайн улсад төрөөгүй дасгалжуулагч удирдсан гурван баг байна. Ирландын шигшээ багийг Итали мэргэжилтэн Жиованни Траппатони, Грекийн шигшээ багийг Португаль мэргэжилтэн Фернандо Сантос, Оросын холбооны улсын шигшээ багийг Голланд мэргэжилтэн Дик Адвокаат дасгалжуулжээ.
  • Хорватын шигшээ багийн ерөнхий дас­гал­жуулагч Славен Билич европын аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс зургаан сарын өмнө дасгалжуулагчийн суудлаа өгч Локомотив Москва клубыг дасгалжуулахаар Оросыг зорьсон ч тэмцээн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө шигшээ багаа дахин дасгалжуулахаар болсон билээ.
  • Данийн шигшээ багийг дасгалжуулж байгаа Мортен Олсен нэг улсын шигшээг хамгийн олон жил дасгалжуулсан хүнээр тодорсон бөгөөд тэр 2000 оноос хойш одоог хүртэл энэ улсын шигшээг дасгалжуулж байна.
  • Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хөгшин дасгалжуулагч Жиованни Траппатони бөгөөд тэрээр энэ жил 73 настай юм. Харин Португалийн шигшээ багийн дасгалжуулагч Пауло Бенту хамгийн залуу дасгалжуулагч бөгөөд энэ жил 42 настай юм.

Шигшээ тоглолтын тухай сонирхолтай баримт:

  • Шигшээ тоглолтод дөрвөн бөмбөгийн зөрүү­гээр ялалт байгуулсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй бөгөөд Испани ийм олон тооны зөрүүгээр ялалт байгуулсан анхны улс болжээ.
  • Олон улсын томоохон тэмцээнүүдэд дараалан гурван удаа түрүүлсэн цорын ганц улс нь Испани юм. Тэд 2008 оны Европын аварга, 2010 оны дэлхийн аварга, 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлээд байна.
  • Шигшээ тоглолтод Испанийн шигшээ багийн хоёр дахь гоолыг оруулсан Хорди Альба шигшээ багийнхаа нэрийн өмнөөс анхны гоолоо оруулжээ. 
  • Өөрийнхөө улсыг дасгалжуулаад Европ болон дэлхийн аваргад түрүүлсэн хоёр дахь дасгалжуулагчаар Винсенте Дэль Боске тодорсон байна.
  • Испани улс 92 жилийн түүхэндээ анх удаа Италийн шигшээ багийг бут ниргэжээ.
  • Шигшээ тоглолтод ялалт байгуулсан Испанийн шигшээ 20 тоглолт дараалан өрсөлдөгчдөө ялагдаагүй гэсэн бахдам амжилтыг байгуулжээ. 
  • Испанийн шигшээ хоёр тэмцээн дараалан Европын аваргад түрүүлсэн анхны улс болжээ.
Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж