Уг хуралд Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд, хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэд, БНСУ, БНТУ, ХБНГУ, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүгч, төлөөлөгчид илтгэл тавин хэлэлцүүлэхээр болжээ.
Үндсэн хуулийн Цэц байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээ үндсэндээ долдугаар сарын 1-3-ны хооронд болох аж. Түүнд оролцохоор хамтын харилцаа бүхий гадаадын хэд хэдэн улс, орны Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгч нар хүрэлцэн ирээд байгаа юм байна.
Монгол Улс Үндсэн хуулийн Цэцтэй болсон түүхээс сөхөж үзвэл 1992 оноос өмнө Үндсэн хуульд хяналт тавих үүрэг бүхий төрөлжсөн шүүхийн уламжлал байсангүй. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталснаар Үндсэн хуулийн хяналтын механизмыг бий болгож, түүнийг хэрэгжүүлэх шүүх буюу Үндсэн хуулийн Цэцийг байгуулах эрх зүйн үндэс бүрджээ.
Тухайн үеийн байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурал 1992 оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн Цэцийн анхны бүрэлдэхүүнийг хэлэлцэж томилсон байна.