Испаничууд түүх бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Испаничууд түүх бүтээлээ

Дөрвөн жилд нэг удаа бүх европын шилдэг багууд чуулж сарын турш хүчээ үздэг европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн ийнхүү шувтарлаа. Энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд олон рекордын эзэн болж, Испанийн шигшээ баг аваргалсан юм. Тэд түүхэндээ ийнхүү гурав дахь удаагаа аваргын цомыг өргөж байгаа билээ. Энэ удаагийн финалын тоглолтыг ихэнх мэргэжилтнүүд үндсэн болон нэмэлт цагуудад 1:1-ээр тэнцэнэ гэж таамаглаж байсан ч таамаглал биелсэнгүй. Испаничууд дөрвөн гоол оруулж Италийг бут ниргэсэн юм. Өмнөх европын аваргын тэмцээний финалд хэзээ ч дөрвөн гоолын зөрүүгээр өрсөлдөгчөө буулгаж авсан түүх байдаггүй билээ. “Ялагдашгүй Армада”-чууд ийнхүү 2008 оны европын аварга, 2010 оны дэлхийн аварга, 2012 оны Европын аварга гэсэн гурван томоохон тэмцээнд дараалан түрүүлсэн цорын ганц улс болсон юм.

Тоглолт эхнээсээ л Испанийн шигшээ багийн давамгайлал дор байсан гэхэд болно. Үеийн, үед хамгаалалтаараа гайхагддаг Италичуудын хамгаалалт өнөөдөр цоорхой шанага шиг л байв. Эсрэгээрээ Испанийн довтолгоо болоод хагас хамгаалалт гайхалтай сайн тоглосон. Арын хамгаалалтыг ч онцлон тэмдэглэх хэрэгтэй. Тоглолтын эхний хагасын туршид Италичууд ердөө гуравхан л аюултай довтолгооныг өрнүүлсэн. Тоглолтын 16 дахь минутад Андриа Пирло булангийн цохилтыг гүйцэтгэсэн ч Икер Касияс амжилттай хаасан юм. Харин 27 дахь минутад Федерико Бальзаретти хүчтэй цохилтыг хийсэн ч Касиясыг барсангүй. 32 дахь минутад Антонио Кассано цохисон хэдий ч Испанийн хаалганы торыг хөдөлгөж чадсангүй. Тэднийг ийнхүү муу довтолж байх хооронд Испанийн баг хоёр ч гоол оруулаад амжсан байлаа. Муу довтолгооны хажуугаар, арын болон төвийн хамгаалалт нь орон, гаран байсан учраас хоёр ч гоол алдсан нь энэ.

Испанийн довтолгоо Италийн шиг­­шээ багт удаа дараалан аюул тарь­саны эцэст 14 дэх минутад эхний гоол оруулав. Испанийн шигшээ багийн тоглогч Франческ Фабрегасын гай­халтай хөндлөн дамжуулалтыг Давид Силва мөргөж тооны харьцааг нээсэн юм. Үүнээс хойш Испаничуудын дов­тол­гоо өмнөхөөсөө ширүүсэв. Итали­чуудын хамгаалалтын шугам нэг л болж өгөхгүй байснаас алдаа гаргах нь ихэсч олон ч чөлөөт цохилтыг өрсөлдөгч багтаа бэлэглэж байлаа. Испаничуудын хамгаалалтын шугамыг сэтэлж гарч чадахгүй байсан учраас Италичууд 16 метрийн бүсийн гаднаас алсын цохилтоор аз хайж эхлэв. Хэдийгээр хоёр, гурван ч удаа алсын цохилтыг гүйцэтгэсэн ч Касиясыг сандаргах хэмжээний аюултай цохилтыг хийсэнгүй. Харин тоглолтын 41 дэх минутад дараагийн гоол орчихов. Испаничууд өрсөлдөгч багийнхаа муу тоглолтод Рамос Хорди Альбагийн гоолоор “бэлэг” барьсан нь энэ. Түүнд гоолын дамжуулалтыг “Барселона” клубын уураг тархи Шави Эрнандез өгчээ. Тоглолт дуусах мөчтэй зэрэгцэн гоолын харьцааг улам холдуулах хэмжээний цохилтыг хийсэн ч Италийн шигшээ багийн хаалгач Жианлиужи Буффон амжилттай хааж байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй.

Тоглолтын хоёрдугаар хагас эхэлмэгц Италичуудыг сэргэж болохыг мэргэжилтнүүд хэлж байлаа. “”Эхний хагас өндөрлөж байна. Хоёр гоолыг нөхөх хэцүү гэхдээ нэр төрийн гоол орох боломж бий. Тактикаа зөв хэрэгжүүлбэл тэнцэхийг ч үгүйсгэхгүй” гэж Английн “Daily Telegraph” сонины спортын тоймч Филип Смит бичсэн байлаа. Гэтэл мэргэжилтнүүдийн болоод Италийн хөгжөөн дэмжигчдийн итгэл, найдвар талаар болсон юм. Тоглолт яг л эхний хагасын хэмнэлээр өрнөж байв. 50 болон 51 дэх минутад Антонио Ди Натали хоёр ч удаа цохисон хэдий ч Касияс торох юмгүй хамгаалсаар байлаа. Харин 56 дахь минутад Андриа Пирло чөлөөт цохилтыг хийсэн ч гоол болсонгүй. Энэ хооронд Испанийн довтолгоо улам ширүүсэв. Гоол оруулах боломжийг ч багагүй гаргаж байв. Тоглолтын 81 дэх минутад тооны харьцааг холдуулах нэгэн гайхалтай гоол орсон билээ. “Хэргийн эзэн” нь Фернандо Торрес байв. Сүүлийн гурван жилийн турш клубын төвшинд гайхалтай тоглоогүй тэрээр шигшээ багтаа ирэхээрээ зүсээ хувилгасан мэт гайхалтай тоглолтыг үзүүлдэг билээ. Энэ жилийн европын аваргаар тэр мөн адил өмнөх жилийнх шигээ гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Түүнд гоолын дамжуулалтыг өнөөх л Шави Эрнандез өгчээ. Тооны харьцаа холдоод удаагүй байтал дараагийн гоолыг Испанийн шигшээгээс дахиад оруулжээ. Тоглолтын 88 дахь минутад Хуан Мата гоолдсон байна. Тэрээр энэ удаагийн европын аварга шалгаруулах тэмцээнд тийм ч их минутыг талбай дээр өнгөрөөгөөгүй ч шигшээ тэмцээнд нэг гоол оруулсан нь энэ. Түүнд гоолын дамжуулалтыг Фернандо Торрес өгчээ.

Италийн шигшээ багийн хувьд авар­гын төлөө тоглолт хар дарсан зүүд болон хувирлаа. Үүнд хамгийн их бухимдсан хүн нь Италийн шиг­шээгийн ерөнхий дасгалжуулагч Цезаре Пранделли. Гэх­дээ Италийн хөг­жөөн дэмжигчдийн уйт­гар гуниг, бухимдал дургүйцлийг гүй­цэхгүй л дээ. Испаничуудын багийн тоглогч хоорондын ойлголцол, богинын дам­жуу­лалтыг гайхалтай хийж байгаа бай­дал, өөртөө итгэлтэй тог­лолтын хэв маяг гээд бүх талаараа Италичуудаас илүү байсан юм. Андрес Иниестагийн гайхалтай дамжуулалтууд үндсэндээ Чилиениг бэртэлийн улмаас сэлгээнд суусны дараа оновчтой болсон гэхэд бол­но. Бальзаретти талбайд Чилие­нигийн оронд гарсаны дараа арын хам­гаалалт орон гаран болсон юм. Хэрвээ Чилиени гэмтээгүй байсан бол үр дүн хэрхэн эргэх байсныг хэлж мэдэхгүй.
“Бид өнөөдөр нэгэн гайхалтай тоглолтын гэрч боллоо. Испаничууд сүүлийн дөрөв, таван жилийн дотор дэлхийн шилдэг багын нэг болж чаджээ. Тэд өнөөдөр түүхийг бүтээсэн. Италичууд үнэхээр муу тоглолоо. Шигшээ тоглолтод гарч ирэхээсээ өмнө нь хүнд хэцүү тоглолтыг хэд, хэдэн ч удаа үзүүлж байсныг мартах учиргүй. Энэ өдрийн тоглолт үндсэндээ Испаничуудын талд өрнөлөө” гэж BBC радиогийн тавдугаар сувгийн спортын тоймч, судлаач Крис Вадл ярив.

Ийнхүү Испаничууд түүхийг бүтээв. Өмнө нь томоохон гурван тэмцээнд дараалан түрүүлж байсангүй. Харин тэд чадсан. 1960 оноос хойш зохиогдох болсон европын аваргын түүхэнд хоёр жил дараалан түрүүлсэн улс байгаагүй. Харин тэд чадсан. Өмнөх тэмцээнүүдийн шигшээд дөрвөн бөмбөгийн зөрүүгээр хожиж байсангүй. Харин тэд чадсан.

Европын аваргын цомыг “Ялагдаш­гүй Армада”-чууд ийнхүү гурав дахь удаагаа өргөж байгаа нь энэ. Тэдэнд баяр хүргэе.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж