Шуурганд нэрвэгдсэн мужуудад холбооны тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Шуурганд нэрвэгдсэн мужуудад холбооны тусламж үзүүлнэ

“Ерөнхийлөгч Обама Огайо мужийн захирагч Жон Касич, Виржиниа мужийн захирагч Боб Макдоннелл, Мэриленд мужийн захирагч  Мартин О’Мэлли ба Баруун Виржиниа мужийн захирагч Эрл Рэй Томблин нартай утсаар ярьж бямба гаригийн шөнө дайрсан шуурганы үр дагаврын мэдээлэл авлаа. Ерөнхийлөгч хүмүүс амь үрэгдсэнд  харамсал илэрхийлэн сүйрэл болон цахилгаан тасалдлыг  сэргээхээр ажиллаж байгаа хүмүүс болон аврагчдын аюулгүй байдлын талаар анхааран болгоомжлуулж байгаа” хэмээн Цагаан ордноос мэдээлжээ.

Шуурганы улмаас дөрвөн сая хүн цахилгаан эрчим хүчний сааталд өртлөө. Зургадугаар сарын сүүлчээр өмнө байгаагүй ихээр агаарын хэм нэмэгдэж 40 градусын халуун болж байгаагаас хүмүүс агааржуулалт, хөргөлтгүй болсноос байдал хүндэрч байна. Гамшгийн улмаас 13 хүн амь үрэгджээ. Олон районуудад гэрэл дохио ажиллахгүй, гудамж зам унасан модонд дарагдсан байгаа учир зам, тээврийн осол  ихээр гарсан тухай мэдээ ирж байгаа ажээ.

“Мужийн захирагч нарт ерөнхийлөгч FEMA албанд үүрэг өгч шаардлагатай тусламж үзүүлэхийг даалгаснаа хэлэв. Мөн ер бусын энэ халуунд цахилгаан эрчим хүчний тасалдлыг сэргээх тал дээр түлхүү анхаарахыг тэрээр хэлжээ. Шуурганы үр дагаврыг арилгахад юу шаардлагатайг нарийвчлан тогтоохыг тэрээр захирагч нараас хүссэн” гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.

Обама мөн FEMA-гийн тэргүүн Крейг Фугейттой ярилцан Индиана, Кентукки, Огайо, Баруун Виржиниа, Виржиниа, Мэриленд, Пенсильвани болон нийслэлийн Колумбийн дүүрэгт авч буй арга хэмжээний талаар санал солилцов. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч Баруун Виржиниа мужид онц байдал зарласан бөгөөд энэхүү муж холбооны нөөцөөс нэмэлт тусламж авахаар болж байгаа юм.

Колорадо мужийн гал түймэр байгалийн хийн цооногуудад ойртжээ

 
Ой, хээрийн түймрийн улмаас Америкийн Колорадо мужийн 32 мянган хүнийг аюулгүй газар нүүлгэжээ гэж нутгийн CNN мэдээлсэн байна. Өмнө нь 11 мянган хүнийг нүүлгэсэн гэж мэдэгдэж байсан юм.

Колорадо  мужийн зүүн хэсэгт бараг долоо хоног гаруй ой хээрийн түймэр үргэлжилж байна. Хуурайшилттай бас ширүүн салхитай байгаа учраас гал хурдан тархаж байгаа ажээ. Энэ мэдээлэл гарах үеэр Колорадо-Спрингс хотын орчим 2,5 мянган га газар түймэртэй байна. Хотын баруун хэсгийн районы оршин суугчдаас гадна Колорадо-Спрингсийн Нисэхийн академийг нүүлгэжээ.

“Гал түймрийн байдал хүнд байгаа. Энд улайссан зуух шиг л байна” гэж гал сөнөөх албаны төлөөлөгч Энн Рис-Сикора (Anne Rys-Sikora) хэлжээ. Одоо Колорадо мужийн нутаг дэвсгэрт зургаан том түймэр шатаж, хэдэн мянган гал сөнөөгчид, галтай тэмцэх зориулалтын 10-аад онгоц ажиллаж байна.

Гал түймрийн нэг нь нефть ба байгалийн хийн цооногууд аюултай хэмжээнд ойртон ирсэн гэж Summit County Voice интернэт сайт мэдээлэв. Гал нийт 35 цооногт  найман км-ийн зайд тулж иржээ.

АНУ-ын Байгалийн нөөцийг ашиглах албаны төлөөлөгч Дэвид Бойдын (David Boyd) хэлснээр эдгээр олборолтын цооногуудын ажлыг зогсоон эргэн тойрон дахь ургамал өвсийг зулгаан цэвэрлэж байгаа гэнэ. 

Гэсэн ч олон тооны цооног байгаа нь галтай тэмцэх ажлыг улам хүндрүүлж буй ажээ. Гал түймэрт  Колорадо-Спрингс хотын 340 байр сууц шатаж, 36 мянган хүнийг нүүлгэхэд хүргэсэн байв. Мөн мужийн хойд нутагт гарсан түймэрт 250 байр, сууц шатсан байна.

Мужийн Эль-Пасо ба Лаример тойрогт онц байдал зарлан Холбооны нэмэлт тусламж хүргэж байна. Мөн ням гаригт тус мужид ерөнхийлөгч Барак Обама хүрэлцэн очиж байдалтай танилцсан байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж