Дахин санал хураах тов гаргана

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Дахин санал хураах тов гаргана

УИХ-ын сонгуулийн 2012 оны ээлжит сонгууль өндөрлөж, урьдчилсан байдлаар
ялагчдыг зарлаад буй.  Улсын хэмжээнд нийт нэг сая 835 мянга 719 иргэн
санал өгөхөөс нэг сая 198 мянга 86 нь саналаа өгснөөр ирц 65,24 хувьтай
гарсан юм.  Хөдөө, орон нутагт сонгуулийн ирц 66,8 хувьтай, харин
нийслэлд 63,24 хувьтайгаар иргэд  сонгуульд орхолцов.  Гэвч энэ удаагийн
сонгуулийн тухай хуулийн дагуу “Нэр дэвшигч нь нийт 28 хувиас дээш
санал авсан тохиолдолд сонгогдох эрхтэй болно” гэж хуульд заасан байгаа.
Үүний дагуу хоёр тойрог буюу Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт дахин
санал хураалт зохион байгуулахаар болсон юм.

Дахин санал хураалт зохион байгуулах тухай хуулинд зааснаар УИХ-ын
сонгуулийн санал авсан өдрөөс долоо хоногийн дотор тойргийн хороо дахин
сонгуулийн товлон зарлаж, 30 хоногийн дотор зохион байгуулах ёстой гэж
заасны дагуу тойргийн хороод шийдвэрлэж байгаа юм байна. Нийслэлд
хамгийн олон хүн амтай дүүрэг болох Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус
бүр гурван мандаттай байсан.

Сонгинохайрхан дүүрэгт 26 нэр дэвшигч гурван мандатын төлөө өрсөлдсөн.
Санал өгсөн хүмүүсийн олонхийн санал авсан хоёр хүн УИХ-ын гишүүн болох
болзол хангасан байгаа. Одоогоор УИХ-ын гишүүн болох эрхээ авсан
“МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Д.Тэрбишдагва, АН-аас
нэр дэвшсэн Л.Эрдэнэчимэг нар юм.  Харин үлдсэн нэг мандатын төлөө бусад
нэр дэвшигчдээс өндөр хувь авсан буюу АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр,
МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар нар дахин өрсөлдөхөөр болж байгаа юм.
Сонгинохайрхан дүүрэгт нийт УИХ-ын сонгуульд санал өгөхөөр 179 мянга 195
сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн бол 114 мянга 332 сонгогч буюу 63
хувьтайгаар  идэвхитэй оролцсон. Харин дахин сонгуульд сонгогчид хэр
идэвхитэй оролцохоос шалтгаалан энэ хоёр нэр дэвшигчийн аль нэг нь 180
гаруй мянган сонгогчийг төлөөлөн ирэх дөрвөн жил парламентад суух юм.
Харин МАН уу, Ардчилсан нам уу гэдэг нь сонгинохайрханчуудын сонголт.
Хэрэв Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр сонгогдвол Ардчилсан нам
тойргоос 22 суудалтай болно. Харин МАН-аас нэр дэвшигч Д.Сумьяабазар
сонгогдвол МАН 19 суудалтай  болох юм. Тус дүүргийн тойргийн хорооноос
дахин сонгуулийг хэзээ явуулах талаар тодруулахад, “Энэ сарын 8-нд дахин
санал хураалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Гэвч энэ асуудлыг
тойргийн хорооны хурлаар шийдвэрлэнэ. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй
байна. Дахин сонгууль явуулах тов зарлагдсаны дараа иргэдийг санал
хураалтад идэвхитэй оролцуулах сурталчилгааг хийнэ” гэв.

Тэгвэл баянзүрхчүүд 28 нэр дэвшигчээс гурван нэр дэвшигч сонгох байсан ч
нэг гишүүн нь санал хүрээгүй юм. Тус дүүргийнхэн ч мөн сонгуульдаа
идэвхтэй оролцож, 206 мянга 837 сонгогчоос 131 мянга 577 буюу 63
хувьтайгаар саналаа өгсөн. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр
дэвшигч Ж.Батзандан, Д.Ганхуяг нар 28-аас дээш хувийн санал авч УИХ-ын
гишүүний түр үнэмлэхээ гардаад байгаа юм. Дахин сонгуульд Баянзүрх болон
Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Б.Батзориг, Д.Арвин хоёр өрсөлдөнө.
Учир нь нэг мандатад хоёр л нэр дэвшигч өрсөлдөх хуулийн заалт бий.
Тиймээс Б.Батзоригтой намын нөхөр болох Д.Арвин өрсөлдөх юм. Дахин
сонгуулиар энэ тойргоос МАН-ын нэг гишүүн нэмэгдэх юм.  Баянзүрх
дүүргийн тойргийн хороо одоогоор дахин санал хураалтыг хэзээ явуулахаа
шийдээгүй байгаа ч хуулийн хугацаанд товыг зарлана гэлээ.

Дахин сонгууль болох энэ хоёр тойргийн санал хураалтаас шалтгаалан ирэх
дөрвөн жил парламентад Ардчилсан нам, МАН-ын суудлын зөрүү дөрөв байх
уу, хоёр байх уу гэдгийг тодорхойлох учиртай. Дахин сонгууль явуулах
хугацааг тойргийн хороод долоо хоногийн дотор товлон зарлах ёстой. Энэ
хугацаа пүрэв гаригт тодорхой болох юм. УИХ-ын сонгуулийн санал авсан
өдрөөс хойш 30 хоногийн дотор зохион байгуулах юм. Дахин сонгуульд иргэд
идэвхигүй оролцдог гэх шүүмжлэл байдаг бөгөөд дахин сонгууль болох
тойргийн хороод иргэдийг санал хураалтад идэвхитэй оролцох
сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллах аж.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж