“АН хамтарна гэвэл “Шударга ёс” эвсэл хүлээж авна”

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

“АН хамтарна гэвэл “Шударга ёс” эвсэл хүлээж авна”

УИХ-ын гишүүн, МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Улаан, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдах зөвлөлийн гишүүн Н.Батцэрэг нар УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгийн талаар эвслийнхээ байр суурийг илэрхийлж, Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Ч.Улаан байр сууриа илэрхийлэхдээ “Сонгуулийн үр дүнг илүү баталгаажуулж, нягтлахаар саналын хуудсыг гараар дахин тоолох тухай нам, эвслүүдийн зүгээс эрчимтэй яригдсан. Сонгуулийн үр дүн гажуудсан гэж үзэж байгаа. “Шударга ёс” эвслийн хувьд авах ёстой гэж бодсон саналын хувь доогуур гарсан. Эргэлзээг тайлж сонгуулийн үр дүнг нэг мөр болгох шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ сонгууль болдгоороо боллоо. Одоо ирээдүйгээ харах хэрэгтэй. “Шударга ёс” эвсэл санаачилга гаргасан улс төрийн хүчинтэй хамтарч ажиллахад бэлэн байна” гэлээ.

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг “Манай эвслийн удирдлага сонгуулийн үйл явц, үр дүнгийн талаар мэдээлэл авсаар байна. Олон тойрогт хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон. Гарч болзошгүй зөрчлийг хаах хууль байсангүй. Одоо бол сонгуулийн дараагийн үйл явц руу орох шаардлагатай гэж бодож байна. Шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газрын талаар ард түмэн хүлээлттэй байгаа. Ирээдүйгээ харж ажиллах хэрэгтэй болж байна. Олон түмнээ хүндэтгэж, тэдний эрх ашгийн төлөө хамтран ажиллахад “Шударга ёс” эвсэл бэлэн байна. СЕХ шалгах ёстой зарим зүйл байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт Сангийн сайд Д.Хаянхярваа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох ёстой 670 мянган төгрөгийг тараажээ. Энэ нь Засгийн газрын шийдвэрээр олгож буй төсвийн мөнгө ч гэсэн өөрийнхөө тойрогт давуу эрхээр мөнгө олгосон байна. Энэ бол ёс зүйгээс давсан албан тушаалын хэрэг байх. Ард түмэн энэ жилийн сонгуулиар аль ч нам дангаараа Засгийн газар байгуулах хэмжээний сонголт хийсэнгүй. Үндэсний үзэл бодлоо бодож, улс төрийн хүчнүүдийг хамтарч ажиллах боломж олгосон сонголт болов уу гэж харж байна. Өмнө нь хоёр том нам гэж ярьдаг байсан бол одоо “Шударга ёс” эвсэл нэлээд хэдэн суудал авч улс төрийн гурав дахь хүчинд орон зайгаа оллоо. Манай эвслээс УИХ-д сонгогдож буй гишүүд бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. Шударга ёсыг сонгосон ард түмэндээ баярлалаа. Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд очоод ирлээ. Тус сумын 10 хэсгийн хорооны есөн хороонд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нэгээр гарсан байна. Шударга ёсыг ард түмэн илүү сонгосныг ганцхан сумын жишээгээр харж болохоор байна. Сонгууль дууслаа. Одоо ирээдүй рүүгээ харсан алхам руу яаралтай орох ёстой” гэж байв.

“Ардчилсан нам энэ удаагийн сонгуулиар хамгийн олон хувийн санал авсан ч  Засгийн газраа дангаар бүрдүүлэх эрхгүй. Иймд аль нэгэн улс төрийн хүчинтэй эвсэнэ. Хэрэв тэгвэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй эвсэх  боломж бий юү. Хэрэв Ардчилсан нам Засгийн газарт танай эвсэлтэй хамтарч ажиллах санал тавьбал хүлээж авах уу” гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн Ч.Улаан “Энэ үйл явц хуулийн хүрээнд болох ёстой. Хуулийн хүрээнд санал тавьбал хүлээж авахад бэлэн байна” гэснээр хэвлэлийн бага хурал өндөрлөлөө.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж