Бүтээлч ажлаар ойгоо угтлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Бүтээлч ажлаар ойгоо угтлаа

Хэнтий аймгийн Батширээт сумынхан 60 жилийн ойн баяраа 60 бүтээлч ажлаар угтаж байна. Бүтэн жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн 60 бүтээлч ажлын голыг “Насны алхаа” үе тэнгийнхний бүтээлч үйлсийн аянаар нугалжээ. Эхний алхааг сумын 44-47 насныхан Бархын голын гүүрийг засварлаж эхлүүлсэн бол 40-43 насныхан орон нутгийнхаа Музейн барилгын модыг бэлтгэж торх босгон, 48-51 настнууд музейн хуучин барилгыг буулгаж, талбайг цэвэрлэн, 52-55 насныхан музейн барилгыг дуусгаж, 31-33 болон 34-36 насныхан Барх багийн эмчийн байр амбулаторийн барилгыг барьж, 56-60 настангууд сумын соёлын төвийн тайзны шалыг шинэчилж, хөгжмийн яам хийн, 25-27 насныхан 80 метр урттай хайсан хашаа барин 20 ш гоёлын мод тарьж, 28-30 насныхан наадмын талбайг өргөтгөн, 16-24 насныхан зам засч, 37-39-тэйчүүд эмнэлгийн дөрвөн өрөөг засварлан дотор тохижилтыг бүрэн хийж, хүлээлгэн өглөө.

Ийнхүү зургаан үе тэнгийнхэн 31 сая төгрөгийн хуримтлал, бүтээн байгуулалтын ажлаар ойдоо бэлэг барьсан байна. Түүнчлэн тус сумынхан ТВ-9 телевизтэй хамтран “Зүүд биелдэг юм” нэвтрүүлэг бэлтгэж, иргэн Х.Алтангэрэлийнд хоёрхон хоногт шинэ байшин барьж өгч, иж бүрэн тавилгын хамт бэлэглэсэн юм..

                                                                                                                                          И.Байгальмаа  /Хэнтий/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж