Жинхэнэ хайрын сэтгэл, өршөөл энэрэл, хүнлэг чанарыг дээдлэх үзэл шингэсэн энэхүү балетын уг санаа нь бүхий л цаг үед чухал байсаар ирсэн юм. Тиймээс энэ балет хоёр зууны турш тайзнаа тоглогдсоор байна.
Романтизмын дүрүүдийн нэгэн адил уг жүжгийн гол дүрийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгсөх боловч үзэгчдийн сэтгэл гуниг гутралд авталгүй, бодол санаа нь ариусч, амьдралын сайн сайханд итгэх итгэл найдвараар гийгдэн гэгээрдэг билээ. Өргөн утгаар авч үзвэл өшөө хорсол нүүрлэсэн энэ ертөнцийг өршөөл энэрлээр аврах замыг бяцхан Жизель зааж өгөх мэт сэтгэгдэл төрүүлдэг. “Жизель” балетын үзэл санаа, мөнхийн чанар үүнд л оршиж буй юм.
“Жизель” бүжгэн жүжгийн гол дүр болох тариачин охин Жизельд Г.Цолмон, Алберьтад О.Ганцоож, Ганст А.Өлзий-Орших, Батильда Р.Байгальмаа, Вильфрид А.Өлзий-Орших, Мирта Б.Баасансүрэн, хоёр вилис Б.Энхтуул, Ч.Ганчимэг, Жизелийн ээжийн дүрд Ш.Оюунтуяа тоглон УДБЭТ-ын балетын жүжигчид оролцон, симфони найрал хөгжим эгшиглэсэн юм.
“Жизель” балетын үйл явдал хотын захын тосгонд эхэлдэг. Тэрхүү жижиг тосгонд жирийн тариачин ардууд амьдрах бөгөөд залуухан царайлаг бүсгүй Жизельд Алберт хэмээх нэгэн залуу хайр сэтгэлээ илэрхийлэн тэдний дунд хайрын гал асна. Гэвч Жизельд хайр сэтгэлтэй болсон ойн захирагч Ганс энэ бүхнийг зүгээр хараад сууж чадсангүй. Тэрбээр өөрийн хайртай бүсгүйгээ бусдад алдахгүй гэсэндээ Албертын эсрэг, Жизелиэс холдуулж болох бүх л арга саамыг хайна. Тиймээс Жизельд хайрт залуу Альбертыг тариачин хувцас өмссөн язгууртан хүн мөн гэж итгүүлэхийг оролдох авч бүтэлгүйтнэ. Гэтэл ойн захирагч Ганс гацаан дахь Альбертын хөлсний байшингаас сүлд тэмдэгтэй мөнгөн тулзуур сэлэм илрүүлээд, Альбертын язгуур угсаагаа нуун заль хэрэглэж байгаад лавтай итгэнэ. Тэрхүү өдөр өнөөх тосгонд ихэс ноёд ан ав хийснийхээ дараа олон дагуулынхаа хамт буудаллахад тариачид баян зочдыг хөөр болон угтана.
Альберт анчидтай санамсаргүй уулзах үедээ тэдний дунд түүний сүйт хүүхэн Батильда байгаад мэдэн ихэд тэвдэн сандарч, нуугдахыг оролдоно. Гэтэл ойн захирагч Ганс олны өмнө түүний нуусан сэлмийг үзүүлж заль мэхийг нь илчилнэ. Энэхүү үймээний үеэр түүний сүйт бүсгүй олны өмнө гарч ирэн Албертыг өөрийн сүйт залуу хэмээн сүйн бөгжөө хүртэл дэлгэн үзүүлдэг. Жизель зөвхөн өөрийг нь л хайрладаг хэмээн бодож байсан хайртай хүнийхээ хүйтэн сэтгэл, заль мэхэнд нь хууртсандаа итгэж чадахгүй. Хайр сэтгэл нь нүднийх нь өмнө нуран унасан тул Жизель хүнд цохилтыг давж чадалгүй сэтгэл, итгэл, мөрөөдөл нь балран унасанд солиорон хайртай залуугийнхаа гар дээр амьсгал хураана.
Хоёрдугаар үзэгдэл эхлэхэд тайзнаа шөнийн нам гүм ноёлон уйтгар түгшүүрт аялгуу эгшиглэн оршуулгын газар тэртээ дээр гялалзах ганц нэг одод булшны чулуу хүүтнээр өөдөөс дүнсийнэ. Хөөрхийлөлтэй Жизелийн булш оршуулгын газрын захад гунигтай нь аргагүй сүүмийнэ. Ойн захаас оршуулгыг чиглэн Ганс уй гашууд автан өөрийнх нь буруугаар сэтгэлийн зовлонд унаж, амь алдсан Жизелийн булшийг эргэхээр ирж яваа харагдана. Шөнийн нам гүмд гацааны оршуулгын газар сарны гэрэлд сүүтэгнэх сүнснүүд гарч ирцгээнэ. Хуримын хувцас, цэцгэн эрхтэй сүнсүүд сарны туяанд гайхам агаад сэтгэл сэртхийм харагдана. Мөс мэт хүйтэн авсандаа орохын өмнө амжих юмсан гэх шиг тэд улам ч худлан бүжинэ. Тэд өршөөлгүй хатуу толгойлогчийнхоо зарлигаар Гансыг түүнийг тойрон бүжиж унан, тусан бүжиглүүлж, Ганс амьсгал хураан.
Бас Альберт гүн хөөрхийлөлтэй үрэгдсэн Жизелийг үл мартан шөнө дөлөөр түүний булшин дээр цагаан сарнайн баглаа барьсаар ирнэ. Сүнсүүд түүнийг тэр даруй тойрин бүжиж эхлэнэ. Харин энэ мөчид Жизелийн сүнс булшнаасаа гарч ирэн түүний цэвэр ариун, өөрийгөө гарздахаас үл шантрах хайр нь Альбертийг догшин сүнснүүдийн хилэнгээс аварна. Мандах нарны эхний цацраг тэнгэрийн хаяанаас туяаран алсад алсад хонх дүнгэнэхэд сүнснүүд эргэн булшандаа орцгоон ид шидээ алдан замхарна. Жизелийн хөвөлзөх сүүдэр ч мөн арилан замхран одно. Гэвч Альбертийн сэтгэлд Жизель мөнхөд оршин үхлээс хүчтэй хайрыг гэнэт алдсанаа санан санан харууссаар төгсөнө.
Энэхүү балетын турш хайр дурладаа шатсан 16-хан настай тариачин охины дүрийг шилдэг балерина Г.Цолмон биширмээр сайхан амьдруулсан. Түүний дүүлэн бүжих хөдөлгөөн бүрт сэтгэл хөглөгдөн нисэх мэт. Цасан цагаан сүнс болон хайр сэтгэлийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэхдээ ч тэрбээр тайзнаа дүүлэн бүжсээр байлаа…