Жил бүрийн долдугаар сард “Тал нутгийн марафон” олон улсын марафон гүйлтийг зохион явуулдаг. Энэ удаад тус гүйлтийг энэ сарын 22-ны өдөр Цонжин болдогт зохион байгуулахаар болжээ. Гүйлтэд 15-аас дээш насныхан хамрагдах юм байна. 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй гүйлтийг хэд хэдэн насны ангиллаар зохион байгуулна. Тухайлбал, 15 хүртэлх насны охид, хөвгүүд нэг км замыг туулах бол 40-60 насныхан таван км, 60-аас дээш насныхан гурван км газар гүйх юм байна. Харин залуучууд 10 км, хагас марафон гүйлтийнхэн 21 км замыг туулах аж. Тэмцээний зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир спортын газар, Япон улсын Элчин сайдын яам, Монголын Марафон гүйлтийн холбоо, Монголын Хөнгөн атлетикийн холбоо, “Женко түр бюро” ХК хамтран ажиллаж байгаа гэнэ.
Э.САРАА