Хөвсгөл аймгийн “Sky” телевизийн ажилтнууд өнгөрсөн зургадугаар сарын 28-нд буюу сонгуулийн санал хураалтын өдөр ажлаа хийж байхад нь тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг гэгч нь согтуугаар дөрвөн залуу, нэг эмэгтэйн хамт дайран орж, сэтгүүлч, зураглаачдыг зодсон хэрэг гарсан билээ. Даргынхаа халдлагад өртсөн ажилтнууд тархиндаа гэмтэл авсан бөгөөд хоёр зураглаачийн тархины яс цуурчээ.
Хэргийн талаар Хөвсгөл аймгийн Мөрдөн байцаах газрын даргаас тодруулахад, “Б.Ганзориг нарт хэрэг гарсны маргааш буюу зургадугаар сарын 29-нд танхайрсан, бусдын эрүүл мэнд хохироосон гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Дашрамд дурдахад, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрч, бусдын биед гэмтэл учруулсан этгээдүүдийг Хөвсгөл аймгийн эрүүлжүүлэх байрнаас 15 минутын дараа гэхэд суллаж явуулсан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Одоогоор сэжигтнүүдийг цагдан хориогүй байгаа аж.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
Д.ЖАРГАЛ