Элсэгчид батламжаа авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Элсэгчид батламжаа авч эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдсан сурагчид өнөөдрөөс их, дээд сургуулиудад элсэх батламжаа төгссөн сургууль болон харьяа аймаг дахь Боловсролын газраас гардан авч байна. Нийслэлийн хэмжээнд шалгуулагчид  батламжаа төгссөн сургуулиасаа авна. Харин хөдөө, орон нутгийн элсэгчид аймгийнхаа Боловсролын газраас авах ажээ. Өмнөх оны төгсөгчдийн тухайд Улаанбаатар хотын хэмжээнд ЭМШУИС-ийн 131 тоотод очин, авах боломжтой юм байна. Батламж хоёр жилийн хугацаанд хүчинтэй ба хаяж үрэгдүүлбэл дахин олгохгүй гэнэ.

Сурагчдын догдлон хүлээж байсан дүн, оноо өчигдөр буюу долдугаар сарын 1-ний 09.00 цагт www.eec.mn сайтад нийтлэгдсэн юм. Бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан шалгалтын дүн, оноог интернэтээс харах боломжтой. Харин батламжийг долдугаар сарын 3-ныг хүртэл олгох аж.

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын V сургуулийн тухайд 169 батламж хүлээн авчээ. Ингээд журмын дагуу өнөөдрөөс батламж тарааж эхэлсэн бөгөөд сурагчид сургуулийнхаа гадна дугаарлан зогсчээ. Шалгалтаа өгч, батламжаа гардсан тэдний дараагийн чухал алхам нь сургуулийн сонголт юм. Тиймээс сонголтоо хараахан хийж амжаагүй төгсөгчдөд дуулгахад, дотоод, гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн мэдээллийг нэг дороос авах боломжтой “Шинэ элсэлт-Шилдэг боловсрол-2012” үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийсэн. Үзэсгэлэн Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төвд долдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм.

Харин их, дээд сургуулиуд элсэгчдээ онлайн хэлбэрээр бүртгэж буй. Элсэлтийн журмын талаар цухас танилцуулъя.


МУИС

Нэмэлт шалгалтгүй хичээлтэй ангиудад бүртгүүлэхийн тулд долдугаар сарын 1-ний 09.00 цагаас 5-ны өдрийн 18.00 цагийн хооронд www.burtgel.num.edu.mn  хаягаар,

Нэмэлт шалгалттай хичээлтэй ангиудад бүртгүүлэх бол долдугаар сарын 1-ний 09.00 цагаас 5-ны өдрийн 12.00 цагийн хооронд дээрх цахим хаягаар бүртгэх ба үдээс хойш нэмэлт шалгалтыг авах ажээ. Компьютерийн график дизайн, Утга зохиол судлал, Шүүмж, Урлаг судлал, Сэтгүүл зүй, Олон улсын сэтгүүл зүй, Англи хэл-сэтгүүл зүй, Реклам сурталчилгааны менежментийн анги нь нэмэлт шалгалттай хичээлүүд юм байна.

ШУТИС

Улаанбаатар хотоос бүртгүүлэх бол долдугаар сарын 5-ны 18.00 цаг хүртэл 24 цагийн турш www.elselt.edu.mn цахим хаягаар бүртгүүлэх боломжтой. Харин хөдөө, орон нутгийн элсэгчдийн тухайд дээрх хаягаар орж, бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Өдрийн ангид элсэх бүртгэл долдугаар сарын 1-нд эхэлж, 5-ны 22.00 цагт дуусгавар болно. Элсэгчид www.elselt-his.mn цахим хаягаар бүртгүүлэх ажээ.

Их, дээд сургуулиуд ихэнх нь бүртгэлээ ийнхүү онлайнаар авдаг болсон бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг сургуулиудын цахим хуудаснаас авах боломжтой юм.

ЭЕШ-ын дүнгийн талаарх гомдлыг хүлээн авч байна

Энэ жил улсын хэмжээнд 43087 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 41724 сурагч шалгалтаа өгчээ. Шалгуулагчдын тухайд энэ хавар бүрэн дунд боловсрол эзэмшиж, төгссөн төгсөгчдөөс гадна өмнөх оны төгсөгчид, мөн бүрэн дунд боловсрол эзэмшээгүй ч өөрийгөө сорих хүсэлтэй сурагчид багтжээ. Улсын хэмжээнд энэ жил 38184 сурагч Ерөнхий боловсролын сургуулийг дүүргэжээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ч.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Шалгалт өгөхөөр бүртгүүлээд өгч чадаагүй 1000-аас илүү хүүхэд байх шиг байна. Учир шалтгаан нь юунд байсан бэ?

-Ер нь хичээлүүдээр шалгалт өгөх сонголтоо буруу хийсэн, аль эсвэл гэнэт гадаад явах болчихсон шалтгаантай сурагч олон байсан. Мөн шалгалтын цагаас хоцорсон сурагч орох боломжгүй учраас шалгалтаа өгч чадаагүй тохиолдол гарсан.

-Шалгалтын дүнтэй холбоотой санал гомдол ирж байна уу?

-Энэ талаарх гомдлыг жил бүр хүлээн авдаг. Ер нь шалгалтын дүнтэй санал нийлэхгүй гэсэн гомдол жилд дунджаар 200 гаруй ирдэг. Энэ жилийн хувьд шалгалтын дүн гарснаас хойш тав хоногийн дотор хүлээн авах бөгөөд одоогоор 20 гаруй гомдол ирээд байна. Бид үүргийнхээ дагуу ийм гомдол бүрийг хүлээн авч, хэрэг шалгалтын дүнтэйгээ санал нийлэхгүй байвал газар дээр нь мэргэжилтнүүдийн хамт сууж байгаад гар аргаар дахин шалгадаг юм.

-Шалгалт өгсний дараа шалгуулагчдаас 98 гомдол ирсэн гэж байсан. Түүнд БХИС, “Хүрээ” дээд сургуульд математикийн шалгалтыг 80 минут авсан гэсэн гомдол их байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Тус сургуулиудад 100 минут авах ёстой байсан математикийн хичээлийн шалгалтыг 80 минутаар авсан зөрчил гарч, гомдол ихээр ирсэн. Энд нийт 53 шалгуулагч шалгалт өгсөн учир сурагчдыг хохироохгүйн тулд асуудлыг шийдсэн. Ингэхдээ тухайн шалгуулагчийн 100 минутад хийх ёстой байсан даалгаврыг 80 минутад хэрхэн гүйцэтгэснээр нь тооцон үзэж, пропорцийн аргаар нөхөж, оноо өгч тооцсон.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж