Тус намын мэдэгдэлд, Монгол Улсын Их Хурлын болон Нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгууль нь шинэ хуулийн дагуу тооллогын шинэ технологи, аргачлалаар явагдсанаараа онцлог, дэвшилттэй болж өнгөрснийг тэмдэглээд сонгуулийн үйл ажиллагааг төрөөс томилогдсон хэнээс ч хараат бус Сонгуулийн Ерөнхий Хороо хүчин төгөлдөр байгаа хуулийн хүрээнд зохион байгуулан тангараг өргөсөн төрийн албан хаагч нараар дамжуулан явуулсан тул сонгуулийн үр дүнг манай нам хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна гэжээ.
Нам хүчнүүдийн хүсэлтээр бүх тойрогт саналыг гар аргаар дахин тоолох нь олон жил сонгуулийн үр дүнг булхайцаж ирсэн аргыг дахин хэрэглэж субьектив нөлөөгөөр сонгуулийн дүнг будлиулах, дараа дараагийн сонгуулийн үр дүнг эс хүлээн зөвшөөрөх явдлыг өдөөх, батлагдаж хүчин төгөлдөр байгаа хуулийн хэрэгжилтийг саатуулах, эрх зүйт төрийг сулруулах улмаар олныг хамарсан эмх замбараагүй байдлыг өдөөж, долдугаар сарын 1-ний үйл хэргийг давтах аюулд хүргэнэ гэж Монголын Социал Демократ Нам үзэж байгаагаа мэдэгдэлдээ онцлон тэмдэглэсэн байна гэж СЕХ-ын хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.