
Шинээр гаргаж байгаа программын үнэгүй хувилбарыг мөн санал болгож байгаа ч тус компанийн орлогын 29 хувийг бүрдүүлдэг оффисын программуудыг бүгдийг нь “Microsoft Corp” үнэгүй болгохгүй. Үнэгүй программ нь илүү цөөхөн сонголт, боломжтой байх болно. Харин бүрэн хувилбараар ашиглах бол лицензын үнэ төлөх ёстой. Үнэгүй программ хийх тал дээр “Microsoft” өрсөлдөгчдөөсөө хойно хоцорч байгаа ч “Microsoft” компанийн “Word”, “Excel”, “Power Point” программыг хүмүүс өргөн хэрэглэдэг бөгөөд зах зээлийн 81 хувийг эдний бүтээгдэхүүн эзэлж байна. Шинээр гаргаж буй “Office-2010”-ын дэд программууд нь интернеттэй илүү уялдаатай ажиллах болно. Жишээ нь “Outlook” и-мэйлийн программыг ашиглан “Facebook”, “Linkedln” зэрэг харилцааны сайтууд руу мэдээлэл дамжуулах боломжтой гэнэ.
Т.Санаа