
Энэ оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн Улаанбаатар цэргийн хүрээний шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, цэргийн тангараг өргөх шинэ дайчид, тэдний ар гэрийнхний төлөөлөл оролцсон юм.
Зэвсэгт хүчний ангиудад татагдан ирсэн дайчид эр цэргийн алба хааж эхэлсэн өдрөөс эхлэн сургалт, бэлтгэлд хамрагдаж, цэргийн дүрмүүдийн хэм хэмжээтэй танилцаж, цэргийн хэргийн анхан шатны боловсрол эзэмшиж, ийнхүү өнөөдөр эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа эх орон, ард түмнийхээ өмнө өргөж байгаа ажээ.
Дашрамд дурдахад, цэргийн сургалт, бэлтгэлд өөрчлөлт оруулснаар хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн алба хаах хугацаанд нь энгийн мэргэжил олгох сургалт зохион байгуулж байгаа юм байна. Мөн Зэвсэгт хүчний 017 дугаар ангийг түшиглэн 013, 014, 015, 032, 120, 326 дугаар ангиудаас байлдагчдыг барилгын засал чимэглэл, өрөг угсрагч, мужаан мэргэжлүүдээр сургаж, мэргэжлийн сертификат олгож байгаа аж.

Ёслолын үеэр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр “Цэргийн алба хаана гэдэг нь монгол хүн бүрийн бахархал байсаар ирсэн, цаашид ч сайн сайхны бахархал хэвээр үлдэнэ. Эх орноо батлан хамгаалж, эр цэргийн алба хаах энэ сайхан уламжлал, мөнхөд үл тасрах дайчин замналыг та бүхэн нэр төртэй үргэлжлүүлж, нэг насны хэзээ ч үл мартагдах эр цэргийн тангаргаа өнөөдөр өргөж байна. Та бүхэн Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн үүргээ биелүүлэн алба хааж, цэргийн мэргэжил эзэмшихийн зэрэгцээ төрийн албанд ажиллах гээд олон төрлийн дадлага туршлагын эхлэлийг хугацаат цэргийн албанаас олж авах болно. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдаг гэдгийг ямагт санаж яваарай” гэсэн юм.
Зургийг ЭНД дарж үзнэ үү