“Сүлд” олимпийг зорих тамирчдаа урамшуулав

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

“Сүлд” олимпийг зорих тамирчдаа урамшуулав

ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны удирдлагууд Лондонгийн олимпийн наадамд оролцох дөрвөн тамирчиндаа хүндэтгэл үзүүллээ. Тус спорт хорооны тамирчид болох  Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар /жүдо/, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба /бокс/  бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Ж.Чулуунбат, жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг нар Лондонгийн олимпод “Сүлд”-ээ төлөөлөн өрсөлдөнө. Тиймээс дэлхийд барилдаж, дэлхийн энтэй тулалдах тамирчдаа үдэж мордуулах бэсрэг наадмыг өчигдөр зохион байгуулж, дээрх дөрвөн тамирчдыг тус бүр арван сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Олимпод оролцох тамирчдаа дэмжин урамшуулж буй энэхүү мөнгөн шагналыг бүрдүүлэхдээ ШШГЕГ-ын бие бүрэлдэхүүнд багтдаг нийт албан хаагч, ажилчид нэг өдрийн цалингаа хандивлажээ. Эх орныхоо нэр хүндийг үүрч, олимпод өрсөлдөх гэж байгаа тамирчдаа үдэж мордуулахдаа ингэж шагнах нь нэг талаас урам, нөгөө талаас үүрэг хариуцлага бий шүү гэдгийг ойлгуулж байгаа нэг хэлбэр юм.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж