Төрийн машин хэсэг хүмүүст зориулагдаагүй учраас гацах ёсгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Төрийн машин хэсэг хүмүүст зориулагдаагүй учраас гацах ёсгүй

Эх орон, шударга ёс, баян цатгалан амьдрал амласан сонгууль дууслаа. Нүд эрээлжлэм, хүн дарж алмаар самбарууд алга болж, эх орон, ард түмэндээ хайртай хэдэн зуун хүний хөөрхөн царай цэнхэр дэлгэцнээс арчигдаж хүн зон үзэх юмтай боллоо. Ард түмэн сонголтоо хийжээ. Эрх баригчдын хувьд хүнд цохилтод орлоо. Хүсээгүй үр дүнг нь хүйтэн төмөр машин харуулах нь тэр. Бид үнэн хэрэгтээ чин шударга сонгуулийг ховорхон явуулсан хүмүүс. Эрх баригчдын гар, хөл бологсод ихэнхдээ тоолдог байсан учраас хүссэн дүнг нь эзэддээ танилцуулж, хөлс мөнгөө тоолдог байсан. Ямар сайндаа л харь гарагаас хүн дүрст амьтадыг авчирч Сонгуулийн хороондоо ажиллуулъя гэсэн гаж бодол төрж байхав дээ. Өнгөрөгч УИХ муу нэртэй, луу данстай ажлаа өгч байгаа ч сонгуулийн хууль дээр ахиц гаргасан нь холимог тогтолцоо, автомат машинаар тоолох асуудлыг шийдэж өгснөөрөө түүхэн гавьяатай юм.
 
Автомат машин гэдэг аргалж болдоггүй лүд юм байна. Нөгөө хэн гуайн саналыг тэр гуайд өгөөд ялуулдаг арын хаалга автомат машинд даанч үйлчлэхгүй. МАН, АН хоёр өөрсдийнх нь эсрэг зогсч байгаа МАХН-ыг ийм олон суудал авна гэж зүүдэлсэнгүй. Бас чиг гараар тоолдог байсан бол МАХН тээр дор хоцрох байсан биз ээ. Тухайлбал Г.Уянга, Л.Цог нар автомат машинаар тоолоогүй бол УИХ-д сонгогдох нь бүү хэл бараа сураггүй хоцрох байсан биз. Байгуулагдаад хоёр гуравхан жил болж байгаа МАХН хүчтэй сөрөг хүчин болж чадлаа. Мөн намаасаа адлагдсан, бас бие даасан нөхдүүд ялалт байгуулж чадав. Сонгууль сайхан болжээ. Сонгуулийн үр дүн цөөнхөд таалагдах албагүй. Ардчилал гэдэг олонхиороо шийдэх зарчим учраас аль олон санал авсан нь шийдвэр гаргахад нөлөөлдөг. Энэ утгаараа сонгууль шударга болжээ. Харамсалтай нь МАН сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх янзгүй болоод явчихлаа. Дээрээс нь жижиг намууд нэмэгдэв. 2004 оны УИХ-ын сонгуульд одоогийн МАН буюу МАХН үнэндээ ялагдсан юм. Гэвч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн мэдэгдэж хэд хэдэн тойргийг эзлэн түрэмгийлсэн билээ. Хэрүүлч, уруулчаараа З.Энхболд л бууж өгөлгүй тэмцсээр ялсан. Энэ удаад МАН автомат машинтай заргалдаж байна. Чин үнэндээ СЕХ болоод тойрог, хэсгийн хороодуудын дийлэнх хүмүүс нь МАН-аас тавигдсан нь үнэн. Машин дотор АН-ын жижигхэн хүн байгаа юм шиг л аашлах боллоо. Н.Энхбаярын МАХН сонгууль шударга болсон гэдгийг маш сайн мэдэж байгаа хэрнээ эсэргүүцэн тэмцэж, луйврын сонгууль боллоо хэмээн чарлаж байна. Тэд ямар үр дүн гарсан ч ингэж л хэлнэ. Яагаад гэвэл тэдэнд маш том шалтгаан буй. “Буян” Жагаагийн эвсэл мөн л эсэргүүцэл илэрхийллээ. Өнөөдөртөө “Буян” Жагаад өөрийн гэсэн толгой байхгүй. МАН юу гэнэ “гүйцэтгэе” гээд л гүйхээс өөр замгүй. Мөнөөхөн алдартай Марубени-д төлөх 17 сая долларынх нь төлбөрийн хугацаа дуусч байгаа. Үүнийг нь МАН-аас сануулсны учир тэрээр Н.Энхбаярыг орхисон билээ. Одоо “Буян” Жагаа МАН-ын талд орилоод байхаас өөр замгүй. Бас наймаалцахыг хүсч байгаа. МХАҮТ-ын С.Дэмбэрэл мөн л сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэв. Ойлгож болно. Түүнийг дахин сонгогдоход нь Сү.Батболд тусласан. Эзэн нь эдээ мэддэг гэдэг шиг Сү-гийн дохиогоор Дэмбэрэл хөдлөх нь дамжиггүй. Автомат машины тооллого арай дэндүү шударга болохыг ард түмэн харж, СЕХ хүлээн зөвшөөрөв. Бидэнд энэ л дутаад байж. Мэдээж хэрэг олонхи байхгүй. Харин бусад намуудаасаа олон суудал авсан нь АН. Дангаараа Засгийн газраа байгуулаад явж гэмээнэ бүтэшгүй хэрэг. Хэн нэгэнтэй эвсэхээр нэр нь улам унана. Ард түмэн маш хүнд сонголт хийжээ. Эвсвэл орших, эс оршихоо ярина, эвсэхгүй бол явахгүй. Ийм л гацааг ард түмэн сонгож, нөгөөх машин нь үр дүнг нь яг таг гаргачихаж. Яаж ч болохгүй. Машиныг шүүхэд өгөлтэй биш, бас ажлаас нь халж, насаар нь дарамтална гэж байхгүй. Үнэн гэдэг ийм л хүчтэй. Бидэнд хүйтэн төмөр машин л гашуун үнэнийг амттайгаар хэлж өглөө. Тиймээс өвөр зуураа толхилцож байхаар сонгуулийн дүнгээ эцэслэн шийдэж, сайхан наадах л үлдэж байх шив. Төрийн машин хэсэг хүмүүст зориулагдаагүй учраас гацах ёсгүй. Эзний алба ээлжтэй гэдэг шиг хэнээр төр бариулахаа ард түмний олонхи шийднэ. Шийджээ. Харин дангаараа засгаа байгуулах уу, хэн нэгэнтэй эвсэх үү гэдгээ хамгийн олон суудал авсан АН шийдэх байх. Мэдээж энэ асуудлаа Үндэсний зөвлөлдөх хороогоороо хэлэлцүүлэхээс өөр аргагүй. Юутай ч ирэх дөрвөн жилийн улс төрийн амьдрал галт уулын халуун лав шиг л оргилж байх бололтой. УИХ-аас шахсан бяслаг шиг хуулиуд гарч, Засгийн бодлого долоо хэмжиж, нэг огтлоостой явагдах нь дамжиггүй. Яагаад гэвэл хүчтэй сөрөг хүчин олонхи болжээ.
 

Г.ДЭЛГЭРСАЙХАН

Эх сурвалж: WWW.MASS.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж