Яармаг, Нисэхийн иргэдийг хууль бус зүйлд турхирчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Яармаг, Нисэхийн иргэдийг хууль бус зүйлд турхирчээ

Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэхийн орчимд иргэд олноороо зөвшөөрөлгүй газарт хашааны шон татаж, эмх замбараагүй байдал үүсгээд байна. Иргэдийн дунд өчигдөр оройноос эхлэн “Ардчилсан намаас амласан газраа авч, хашаагаа барь” гэдэг мэдээлэл тархжээ.

Газар өмчлөх, эзэмших, ашиглах асуудлыг хуулийн дагуу зохих журмын хүрээнд шийдвэрлэдэг. Гэтэл хууль, журмыг үл хэрэгсэн өөрсдийн дураар газар авахыг оролдож байгаа иргэдийг хөндлөнгийн этгээдүүд ийм үйлдэлд турхирсан байна. “Ардчилсан нам газар өмчлөлийг асуудлыг бүрэн шийдвэрлэнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасныг далимдуулан “Одоо газраа авцгаа” гэж иргэдийг ятгасан хүмүүс нь сонгуулиар МАН-ын сурталчилгааг хийсэн ухуулагчид болохыг иргэд нэрлэж байна.

Яармаг, Нисэхийн оршин суугчид энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Оюунгэрэл, Л.Болд нарыг дэмжиж, итгэл үзүүлсэн юм. Тэд иргэдийн газар өмчлөлийн асуудлыг бүрэн шийдвэрлэх талаар цаашид анхаарч ажиллахаа илэрхийлснийг мушгин гуйвуулж, иргэдийг хууль бус үйлдэлд санаатайгаар турхирсан байна. Ингэхдээ Ардчилсан намын нэрийг барьж, иргэдэд газар өгч байна гэдэг худал мэдээллийг зориудаар тарааж, зохион байгуулалттай эмх замбараагүй байдлыг үүсгэсэн байна. Одоогоор нийслэл, дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд Нисэх, Яармагт ажиллаж, иргэдтэй уулзаж, учир байдлыг танилцуулж байна.

Мөн дээрх хууль бус үйлдэлтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Ардчилсан намын зүгээс мэдэгдэл хийлээ. Дүүргийн Ардчилсан намаас мэдэгдэхдээ “Иргэдийн газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх талаар Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэхдээ сонгуулийн дүн баталгаажаагүй, УИХ-ын гишүүд нь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээгүй байхад энэ асуудлыг хууль, журмаас гадуур шийдвэрлэх эрх, үүрэг хэнд ч байхгүй. Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд эрх бүхий байгууллага нь бодлого, шийдвэрээ гаргаж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлдэг. Үүнээс өмнө хэн ч хууль, журмаас гадуур үйлдэл хийж болохгүй юм. Ардчилсан намын нэрийг барьж, иргэдийг хууль бус, эмх замбараагүй зүйлд турхирч байгаад харамсч байна” гэв. Түүнчлэн иргэдийг хууль бус үйлдэлд турхирсан этгээдүүдийг шалгуулахаар хууль, цагдаагийн байгууллагад хандахаа илэрхийллээ.

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж