Хууль бусаар ан хийж, улмаар эд эрхтэнийг нь дамлан зардаг бүлэглэлийг илрүүлжээ. Эх сурвалжийн мэдээллээр энэ хэрэгт 10 гаруй хүн шалгагдаж эхэлсэн байна. Тухайлбал, Хэнтий, Хөвсгөл, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв аймаг зэрэг газруудаас дээрх хэргийг үйлдэгсэд баригдсан аж. Уг хэрэгт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул “Дархад” хочит Э.Бямбаагийн хууль бус ангийн эд эрхтний наймаа эрхэлдэг сүлжээ бүхий бүлэглэлийг саатуулсан гэх ч мэдээлэл бий. Тус бүлэгт Д.Дашзэвэг, Т.Тугбаатар, Э.Бямбаагийн эхнэр Н.Нарангэрэл, эгч, Н.Нарантуяа нар ч нэр холбогджээ. Цагдаагийнхан хэргийг шалгах явцдаа дээрх сэжигтний гэр болон хашаанд үзлэг хийсэн байна. Энэ үеэр чингэлэг дотроос 300 гаруй ан амьтны эд эрхтэн гарчээ. Тодруулбал, 2.7 тонн бугын эвэр, 102 ширхэг баавгайн савар хадаглагдсан байсныг хураан авсан байна. Хууль бус ангийн хэрэгт эдгээр хүмүүс нэр холбогдоод зогсохгүй дахин нэмж шалгагдаж иргэд ч байгаа гэнэ. Энэ хэрэгт хятадууд ч холбоотой байх магадлалтай аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа тухай “Нийгмийн толь” сонинд мэдээлжээ.