Японы төв банкны “Tankan” судалгааны төвөөс явуулсан судалгааны тайланд Япон улс эдийн засгийн таагүй уур амьсгалд байгаа ч тус улсын томоохон үйлдвэрүүд эдийн засгийн нөхцөл байдлыг ихээхэн өөдрөгөөр харж буй тухай мэдээлжээ. Судалгаагаар тус улсын томоохон үйлдвэрүүдийн ерөнхий тоон үзүүлэлтүүд өнгөрсөн дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэл сайжирсан үзүүлэлттэй гарсан гэнэ. Үйдвэрүүд өөрсдийн эдийн засгийн өсөлттэй уялдуулан үндсэн хөрөнгийн зарцуулалтын хэмжээгээ ч нэмэгдүүлсэн аж. Шинжээчдийн үзэж байгаагаар Японы зах зээлд нөлөө бүхий байр суурь эзэлдэг үйлдвэрүүдийн эдийн засгийн одоогийн байдал ийнхүү дээшилсэн явдал нь Японы төв банкны мөнгөний бодлоготой холбоотой хэмээн Токиогийн Хөрөнгө оруулалтын банкны эдийн засагч Наоки Изука мэдэгдсэн байна. Түүнчлэн “Tankan” судалгааны төвөөс мэдээлж байгаагаар дээрх байдал нь Японы төв банкнаас баримталж байгаа эдийн засгийн сэргэлтийн бодлогын үр дүн хэмээн мэдээлжээ.
Э.АНХТУЯА