Удирдаач Жин Дун Цайгийн гайхамшигт дохилт

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Удирдаач Жин Дун Цайгийн гайхамшигт дохилт

ДБЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдрүүдэд 49 дэх улирлын хаалтын тоглолтоо үзэгчдэд толилууллаа. Театрын энэ улирлын сүүлийн тоглолтын онцгой эрхэм удирдан тоглуулсан нь Стэнфордын их сургуулийн профессор, хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай байв. Тэрбээр ийн Монгол Улсад тав дахь удаагаа айлчлан дуурийн театрын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа юм. Өнгөрөгч бямба гаригт энэ эрхэм ДБЭТ-ын симфони оркестр болон Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хамт дэлхийн болоод Холливудын киноны шилдэг хөгжим, Бродвей театрт эгшиглэдэг алдарт мюзиклууд, Америкийн уламжлалт поп, жазз хөгжмийн ертөнцөөр Монголын үзэгчдийн аялуулсан юм. Тоглолтыг тус театрын захирал Б.Сэргэлэн хөтлөн явуулж, сонгодог урлагтай амьдралаа холбосон, тиймдээ ч энэ их айлын үүх түүхийг сайн мэдэхийн хувьд удирдаач эрхэм болоод түүний дохисон бүтээлүүдийн талаар үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө лээ.

Энэ үдэш удирдаач Жин Дун Цайгийн дохилт дор Морин хуурын чуулгын уран бүтээлчид танхимын жаврыг үргээж, “South American Gateway”, “Playing love” болон Монголын киноны шилдэг хөгжим болох хөгжмийн зохиолч Б.Шаравын “Үхэж үл болно” киноны хөгжмөөр үзэгчдийн сонорыг мялаасан. Хоёрхон чавхдаст морин хуур хөгжмөөр хүмүүний сэтгэлийг хөндөн догдлуулж, хайр дурлал, тэмцэл дундуур аялуулсан нь үзэгчдийн халуун дулаан алга ташилтаас илхэн мэдрэгдэж байлаа. Энэ жил 20 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй Морин хуурын чуулгын уран бүтээлчдэд ДБЭТ-ын зүгээс барьсан бэлэг таалагдсан нь лавтай. Үзэгчид ч тэдний хамтын уран бүтээлд сэтгэл хангалуун байсан юм. Сонирхуулахад, тус чуулгын 20 жилийн түүхэнд хоёр дахь удаагаа гадны удирдаач удирдан тоглуулж байгаа нь энэ бөгөөд өмнө нь Японы алдарт удирдаач Монголд ирэн хамтран ажиллаж, уран бүтээлээ толилуулж байсан түүхтэй аж.

Тоглолтын хоёрдугаар хэсэгт ДБЭТ-ын уран бүтээлчид ноён маэстрогийн хамт үзэгчдэдээ барьж буй бэлгээ дэлгэсэн юм. Тэд анх удаа Монголын сонгодог урлагийн тайзнаа Америкийн уламжлалт хөгжмийг толилууллаа. Эрхэм маэстро “Hoe-down”, “Pops hold on”, “Fiddle-Faddle”, “Blue Tangle”-ыг эгшиглүүлэн танхимд цугласан зочдыг Америкийн баяр наадам болон  хөдөө орон нутгийнх нь энгийн амьдрал хэрхэн өрнөдгийг хөгжмийн хэлээр мэдрүүлсэн юм.

Энэ үдэш маэстро нэгэн зүйлийг чухалчлан хэлсэн юм. Тэрбээр “Америкийн уламжлалт хөгжмийг гадны уран бүтээлчид тоглоход маш хүнд, хэцүү техниктэй байдаг. Гэхдээ би энэ үдэш ДБЭТ-ын  симфони найрал хөгжмийг магтмаар байна. Тэд дэндүү гайхалтай тоглосон” хэмээн уран бүтээлчдийг урмын үгээр мялаав.

Тоглолт цааш дэлхийн хөгжмийн урлагт сонирхолтой, хайртай үзэгчдийн сонирхлыг дээд цэгт нь хүргэж чаддаг мюзиклийн хөгжмөөр үргэлжилсэн юм. “Phantom of The Opera”, “The sound of music”, “Cats Memory”, “Westside Story” хэмээх гайхамшигт аялгуунуудыг тайзнаа ДБЭТ-ын симфони оркестр маэстро Жин Дун Цайгийн гайхамшигт удирдлага дор эгшиглүүлсэн.

Харин тоглолтын сүүлийн хэсэгт “Star wars” киноны зүрх болсон хүнд, хөнгөн хэмнэл хосолсон хөгжим эгшиглэж, тэр л од эрхсийн тулаант, өргөн уудам ертөнцөөр үзэгчдийг зорчуулсан. Мөн дэлхийн киноны хөгжмийн  хамт энэ л тайзнаа монголын киноны урлагийн ертөнц, хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжийн зохиолч Л.Мөрдоржийн “Алтан өргөө” киноны хөгжмийг удирдаач маань симфони оркестрын хамт эгшиглүүлсэн нь үлгэрийн орноор үзэгчдийг аялуулах шиг болсон.

Стэнфордын хөгжмийн сургуулийн хамт олноос Монголын хөгжмийн урлаг, тэр дундаа сонгодог урлагт барьсан энэхүү бэлэг үзэгчдийг нэгэн үдэш догдлуулан бас хөгжөөн, бяцхан дурсамжаар аялуулж, таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Сонирхуулахад, энэ л тайзнаа маэстро Жин Дун Цайгийн удирдан эгшиглүүлсэн эдгээр гайхалтай хөгжмийн бүх нот манай ДБЭТ-ын урын санд үлдэж байгаа бөгөөд цаашид энэхүү тоглолтыг Монголын уран бүтээлчид бие даан хүргэх боломжтой болж байгаа юм.

Мөн маэстро Жин Дун Цай энэ удаагийн айлчлалаараа дамжуулан Стэнфордын их сургуулийн ирэх оны нэгдүгээр сард нээлтээ хийх театрт Монголын сонгодог урлагийн мастеруудыг урьж, тоглуулах хариуцлагатай ажилд томилогдон ирсэн юм.

Түүнчлэн энэхүү тоглолтыг зорин бямба гаригийн өглөө АНУ-ын Сан-Франциско хотоос эрхэм маэстро Жин Дун Цайгийн эхнэр, хүүхдүүд хүрэлцэн ирж, ДБЭТ-т саатсан юм.

Баярлалаа, маэстро Жин Дун Цай.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж