Б.Чойжилсүрэнгийн туслахыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэнгийн туслахыг баривчилжээ

Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд УИХ-ын сонгуульд Увс аймагт МАН-аас нэр дэвшигчид иргэдэд мөнгө тараасан байж магадгүй хэмээсэн мэдээлэл гарч, Ардчилсан намын нэр дэвшигчид сонгуулийн хэсгийн хороонд гомдол гаргаад байгаа мэдээлэл цацагдсан билээ. Мөн хэргийг Тагнуулын ерөнхий газрын харьяа Увс аймгийн тагнуулын газар шалгаж байгаа бөгөөд мөнгө тараасан гэгдэх этгээдүүд оргон зайлж, эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл тархсан юм. Тэгвэл мөнгө тараасан гэгдэж байгаа Ш.Чинбат, Я.Баттогтох нарыг өчигдөр тус аймгийн Хархираа хэмээх амралтын газар байгаа гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр тагнуулын алба саатуулан баривчилсан байна. Ш.Чинбат нь УИХ-ын байнгын хорооны референтээр ажиллаж байсан, төрийн жинхэнэ албан хаагч мөнгө тараасан гэх мэдээлэл гарсны дараа буюу энэ сарын 25-нд УИХ-ын Тамгын газрын дарга ажлаас нь халсан тухай тушаал гаргасан гэсэн мэдээлэл байна. Ш.Чинбат нь Увс аймгийн НАМЗХ-ын даргаар ажилладаг. Харин Увс аймагт МАН-аас нэр дэвшин өдгөө ялалт байгуулсан гэгдэж буй УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нь тус аймгийн НАМЗХ-ын хүндэт тэргүүнээр ажилладаг юм байна. Харин Я.Баттогтох нь нэр дэвшигч мөн ялалт байгуулсан гэгдэж буй УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн туслахаар ажилладаг. Тийм учраас тэднийг нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын даалгавраар мөнгө тараасан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Мөн тус аймгийн Тариат, Улаангом сумын 14 иргэнээс МАН-ын нэр дэвшигчдийн штабаас мөнгө тараасан гэсэн гомдол ирүүлсэн.

Уг гомдлыг сонгуулийн хэсгийн хороонд мэдүүлсэн бөгөөд одоо дараагийн шат буюу Сонгуулийн ерөнхий хороонд гомдлоо хүргүүлээд байгаа юм байна.

Энэ удаагийн сонгуулийн бас нэг онцлог  нь сонгуулийг будилаантуулах мөнгө тараах зэрэг элдэв үйлдлийг хариуцлагыг чангатгасан учраас иргэд болоод нэр дэвшигчдийг ийм үйлдэл гаргахгүй байхыг онцгой анхааруулж байсан билээ. Сонгуулийн хуулийн дагуу иймэрхүү төрлийн хэргийг  “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол Эрүүгийн хуулийн 821 дүгээр зүйлд (Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах) заасан гэмт хэрэгт тооцно” хэмээн зүйлчилж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 821.1-д “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг юм.

А.АНУ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж