Хууль зөрчигчдөөс хариуцлага нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Хууль зөрчигчдөөс хариуцлага нэхэж байна

Сонгуулийн үр дүн бол ард түмний сонголт байдаг. Тиймээс ч ард түмний сонголтыг хэн нэгэн луйвардаж, дээрэмдэхээс сэргийлэхийн тулд сонгуулийг шударга явуулахын төлөө жирийн иргэдээс эхлээд сонгуулийн төв байгууллага, хуулийнхан, төрийн эрх барих дээд байгууллага нь ажиллах ёстой.

Өнөөдрийн хувьд 2012 оны сонгуулийн үр дүн хараахан бүрэн гүйцэд тодорхой гараагүй байна. Гэхдээ зарим тойрогт илт хууль зөрчиж, хуулийг уландаа гишгиж, сонгогчдын саналыг авахын тулд юу ч хийхээс буцахгүй гэдгээ харуулсан увайгүй үйлдэл олон гарлаа. Үүний нэг жишээ нь УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын улаан цагаандаа гарсан үйлдэл юм.

Баримт-1

Сонгуулийн хуулийн 35.15.1-д “сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах….”-ыг хориглосон. Хэрэв эл заалтыг зөрчсөн бол уг хуулийн 35.35-д зааснаар нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасахаар заасан байгаа.

Тэгвэл Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс иргэдэд архи, хайрцагтай чихэр тараасан нь дүрс бичлэг болон бусад баримтаар нотлогдож байгаа юм. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Баянгол сумын нэг, хоёрдугаар багт улсын заан Б.Сайнбаярын төрсөн ах Б.Жаргалсайхан, дөрөвдүгээр багт аймгийн арслан Батсүхийн Батдорж нараар дамжуулан иргэдэд Монгол ардын намаас нэр дэвшигчдэд санал өгөөрэй гэж хэлүүлэн “Chinggis” архи, бусад эд зүйл тараасан билээ. Энэ үйлдлийг Ардчилсан нам хөдөлшгүй баримтаар нотолж, зохих хариуцлага тооцуулахаар тойргийн хороонд хандсан юм.

Баримт-2

Арвайхээр сумын нэгдүгээр хороо Арвайтын 1-1, 1-2 тоотод байх “Хан хөгшин” хүнсний дэлгүүрийн хашаанд 20 тн-ын улаан өнгийн чингэлэгтэй “Chinggis” архи болон ундаа, бусад эд зүйлийг буулгаж, сумд руу хүргүүлэн иргэдэд тараасныг шударга иргэд мэдээлэв.

МАН-ын нэр дэвшигч Н.Төмөрхүүгийн шадар туслах, “Өндөр буянт” компанийн менежер Батмөнх гардан зохион байгуулсан энэхүү үйлдлийг аймгийн Прокурор болон Цагдаагийн байгууллагын 2012 оны зургадугаар сарын 21-ний өдрийн шалгалтаар илрүүлсэн.  Шалгалтын явцад цагдаагийнхан нийт 73 шил “Chinggis” архи илрүүлсэн бөгөөд энэ нь Баянгол суманд МАН-аас тараасан архитай нэр төрөл, савласан хэмжээгээрээ адил болох нь тогтоогджээ. Ийнхүү С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын бусдад архи тараасан үйлдэл тогтоогдсон нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болж байгаа юм.

Баримт-3

Арвайхээр сумын нэгдүгээр багт орших “Тайгер” хэмээх дэлгүүрээр дамжуулан архи тараасан үйлдэл гарлаа. Уг дэлгүүрийн худалдагч Ганчимэг “МАН-ын нэр дэвшигчдийг дэмжвэл архи үнэгүй өгнө” гэж орж ирсэн хүмүүсийг ухуулаад зогсохгүй архи тараасан талаархи мэдээллийг иргэд өглөө. Мөн МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын сонгуулийн ажилтнууд Арвайхээр сумын долдугаар багт айлуудаар явж “Чингис” архи, Чокопай, ууттай чихэр тараан “МАН-аас нэр дэвшигчдэд саналаа өгөөрэй” хэмээн ятгасан байна.

Баримт-4

Сонгуулийн санал хураах өдөр МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн ажилтнууд автобус автобусаар нь хүн зөөж, дахиад л УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15-ыг зөрчлөө. Мөн сонгогчдод 20 мянган төгрөг тараасан үйлдэл нь илрэв.

Энэ мэтчилэн аравдугаар тойрог Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын хууль зөрчсөн үйлдлийн жагсаалт үргэлжилнэ. Хачирхалтай нь Өвөрхангай аймгийн Сонгуулийн тойргийн хороо нүдэн балай, чихэн дүлий суусаар.

Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Хүн тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг хэмээн монголчууд сургадаг. Гэтэл хуулийг санаатай зөрчсөн гэмт үйлдлийг тойргийн хороо харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрч байгаа нь өөрөө хуулийг гууль болгосон явдал бус уу. Шударга сонгууль зохион байгуулах үүрэгтэй сонгуулийн тойргийн хорооны албан тушаалтнуудаас сонгогчид хариуцлага нэхэх нь зүй ёсных.

Одоо Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдлийг Сонгуулийн ерөнхий хороо хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ.

Хуулиа хэрэгжүүлэх үү эсвэл хөсөрдүүлэх үү гэдэг эцсийн шийдвэр тэндээс гарах учиртай.

Эх сурвалж: WWW.TIME.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж