Бүх биеийнх нь 60 хувь нь түлэгдсэн онцгой байдлын алба хаагч А.Болорсүх Солонгос улсын Сөүл хотын Халлим их сургуулийн Түлэнхийн нөхөн сэргээх төв рүү эмчилгээнд явсан билээ. Өдгөө Кон Нам Сон Шим их сургуулийн пластик гоо сайхны тасагт эмчлүүлж буй аж.
Өнгөрсөн долоо хоногт арваад хүний бүрэлдэхүүнтэйгээр Солонгос улсын эмч мэргэжилтнүүд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн. Тэдэнтэй хамт онцгой байдлын алба хаагч А.Болорсүхэд гардаж хагалгаа хийсэн Солонгосын нэрт эмч Жан Ён Чоль ирсзн байна.
Солонгосын эмч нар Монголын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай харилцан туршлага солилцохоор иржээ. Энэ үеэр Солонгосын нэрт эмч Жан Ён Чольтай уулзаж ярилцлаа.
-Онцгой байдлын алба хаагч А.Болорсүхийг эмчилж буй солонгос эмч нар Монголд ирснийг дуулаад тантай уулзахаар ирлээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон А.Болорсүхийн биеийн байдал ямар байгаа нь монголчуудын хувьд хамгаас чухал юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-А.Болорсүхийн хувьд 60 хувийн түлэгдэлттэй байсан. Дөрвөн удаагийн давтан хагалгаанд орж, амь насны хувьд аюул ихтэй үеэ давсан гэж болно. Хамгийн сүүлд нүүр, хүзүүний хэсгийн хагалгаа хийлгэсэн. Өөрөөс нь авах арьс бага байсан учраас хиймэл арьс суулгах хагалгаа хийсэн. Одоо очоод хоёр хөлний хэсэгт арьс нөхөх хагалгаа хийхээр төлөвлөөд байгаа.
-Онцгой байдлын албан хаагч биеийн байдлын хувьд аюултай үеэ давсан гэлээ. Хэзээ эмчилгээ нь дуусч, эх орондоо ирэх бол. Мэдээж гэр бүлийнхэнд нь энэ мэдээлэл чухал байх?
-Өвчтөний биеийн байдал дээрдсэн ч зарим нэг хэсэгт хагалгаа хийх болохоор дахиад cap гаруй хугацаанд эмчлүүлэх шаардлага гарах байх. Харин сарын дараа эмнэлгээс гарах боломжтой. Гэхдээ үргэлжлүүлээд жил орчим хугацаанд А.Болорсүх гоо сайхны хагалгаа хийлгэх хэрэгтэй байгаа. Тэр хүртэл нь бид хамтдаа байж, гоо сайхны хагалгаанд нь туслах болно. Биднийг Монголд ирэхэд Монголын ард түмэн, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Түлэнхийн төвийн эмч нар халуун дотноор хүлээн авсанд талархаж байна. Биднээс суралцахаар хичээл зүтгэл гаргаж буй Монгол эмч нартаа энэ дашрамд талархсанаа илэрхийлье.
-Ингэхэд солонгос эмч нар энэ удаад олон хүний бүрэлдэхүүнтэй Монголд ирсэн нь ямар учиртай бол?
-Бидний Монголд ирсэн гол шалтгаан монгол эмч нартай мэдээлэл солилцох, туршлага судлах явдал юм. Мөн хэд хэдэн хүнд хагалгаа хийсэн. Хагалгаа хийсэн өвчтөнөө тойрч үзээд бие нь сайн байгааг хараад сэтгэл өндөр байна. Хагалгаа хийсэн өвчтөнүүдээ хараад Монголд ирсэн маань сайн болж гэж бодогдсон шүү. Өнгөрсөн жил бид Монгол Улсад Түлэнхийн төвийн нийгэмлэг байгуулж, цаашид Халлим их сургуультай хамтран ажиллахаар ярилцаж, гэрээ байгуулсан. Энэ удаад бид Монголын түлэнхийн төвийн эмч нартай хамтраад анхны хэлэлцүүлгээ ч хийлээ.
-Манай Гэмтэл согог судлалын үндэсний төв болоод түлэнхийн төвийн эмч, мэргэжилтнүүд ур чадвараараа хаана ч гологддоггүй гэдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Монгол эмч нартай хамтарч хагалгаанд орж байхад Монголын эмч нар үнэхээр чадварлаг санагдсан. Тэд нэг ч гэсэн хүнийг эдгээхийн тулд чин сэтгэлээсээ хичээж байсан. Мөн биднээс шинийг суралцахыг эрмэлзэхийн хажуугаар монгол эмч нарын хамтран ажиллах найрсаг сэтгэл нь таалагдсан. Хэдийгээр Монголын эмч, мэргэжилтнүүд техник багажны хувьд дутагдалтай ч, хийе гэсэн хүсэл эрмэлзэл нь хамтран хагалгаа хийх явцад тааламжтай санагдсан.
Ер нь аль ч улсад түймэр, түлэгдэлт гэдэг асуудал байдаг. Тиймээс Түлэнхийн төв барих нь хамгийн чухал асуудлуудын нэг. Тэрнээс солонгос эмч нар Монголд үе үе ирж, хүмүүст хагалгаа хийгээд явах нь чухал биш. Гол нь хоёр улсын эмч нар хоорондоо мэдээлэл солилцохын хажуугаар, Монголын ард түмэн, Засгийн газар ч түлэгдэл хүнд асуудал гэдгийг мэдэрч, цогц Түлэнхийн төв байх ёстойг анхааралдаа аваасай гэж хүсч байна. Уг нь Монголд Түлэнхийн төв тусдаа байсан ч одоо өөр эмнэлэгтэй нэгтгэсэн гэж сонссон.
Гэхдээ шинээр Түлэнхийн төвийг байгуулах гэж байгааг сонсоод, нэг хоногийн өмнө ч болтугай энэ төв баригдаасай гэж боддог. Харин бидний зүгээс цаашид Монголын эмч нарт чадлынхаа хэрээр тусалж ажиллах болно. Мөн Түлэнхийн төвийн эмч нарыг Солонгос улсад сургахаар төлөвлөөд байгаагаа дурдах хэрэгтэй байх.
Зохиогчийн эрх: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин