Хэзээ дахин санал хураахыг тойргийн хороо мэднэ

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Хэзээ дахин санал хураахыг тойргийн хороо мэднэ

УИХ-ын сонгуулийн хоёр тойрогт нэр дэвшигчдийн авсан санал хуульд заасан 28 хувийн босго даваагүй тул дахин санал хураалт явуулахаар болоод байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бол дахин санал хураалт явуулах шийдвэрийг тойргийн хороо гаргана. Саналыг ямар байранд авах, аль өдөр явуулахыг тойргийн хороо мэдэж шийдвэртээ заах юм. Хуулиараа дахин санал хураалтыг ажлын өдөр явуулж болно гэжээ.

Энэ удаа Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт дахин санал хураалт болно. Нэг нь 131 мянга, нөгөө нь 113 мянган сонгочтой, тус бүр гурван мандаттай, нийслэлдээ бүү хэл Монголдоо хамгийн олон иргэнтэй тойргууд.  Мөн л улсын хэмжээгээр хамгийн олон нэр дэвшигч буюу Баянзүрх, Налайх дүүрэгт 28, Сонгинохайрхан дүүрэгт 26 нэр дэвшигч өрсөлдсөн. Олон сонгогчийн санал олон нэр дэвшигчид тарамдсанаас авсан саналын тоогоороо гуравт орсон нэр дэвшигчид  28 хувийн босго даваагүй.

Дахин санал хураалт тойрогтоо авсан саналын тоогоор гурав, дөрөвт жагссан нэр дэвшигчдийн хооронд болох юм. Ингээд 22 дугаар тойрогт 24,66 хувийн санал авсан МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг , 24,61 хувийн санал авсан МАН-аас нэр дэвшигч Д.Арвин нар дахин санал хураалтаар өрсөлдөж, хэн нь УИХ-ын гишүүн болохоо үзнэ. Харин Сонгинохайрхан дүүрэгт 26,09 хувийн санал авсан АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, 25,02 хувийн саналтай МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар нар шовхоо үзнэ.

Гэхдээ санал дахин хураана гээд дээрх дөрвөн нэр дэвшигч сурталчилгаа хийхгүй гэдгийг хуульд хатуу заажээ. Өөрөөр хэлбэл, хоёр хоёроороо өрсөлдөх дөрвөн нэр дэвшигч туг далбаа мандуулаад сурталчилгаа хийгээд давхихгүй юм байна.

Сурталчилгаа хийсэн байгаад баригдвал чамгүй хөөрхөн торгуультай. Нэр дэвшигчдээ санал өгүүлэхээр “рекламдсан” ухуулагч, шадар туслагч нар, дэмжигчид, нам, эвслийн  сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бол албан тушаалтныг мөн хэмжээг гурваас тав дахин, нам, эвслийш таваас долоо дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгохыг Сонгуулийн тухай хуульд заасан байна. Ийнхүү хоёр тойрогт хэзээ дахин сонгууль явуулах нь 22, 26 дугаар тойргийн хороодын мэдлийн асуудал болжээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж