Зургаан настай хүү гурван алтан медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Зургаан настай хүү гурван алтан медаль хүртэв

Шри Ланка улсын Хиккадово хотноо зургадугаар сарын 26-нд эхэлсэн Азийн шатрын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр болсон рапид төрлийн тэмцээнд хөвгүүдийн 6 насны ангилалд түрүүлсэн “Урамтай шатар” клубын тамирчин Е.Төгстөмөр стандарт төрөлд мөн амжилттай тоглож, аваргалсан байна. Тэрбээр нийт 10 өргөөс найм хожиж, нэг тэнцсэнээр 8,5 оноогоор тэргүүлжээ. Мөн тэрбээр блиц төрөлд долоон өрөг тоглосноос долоо хожиж, алтан медаль хүртсэн бөгөөд Азийн аваргын рапид, стандарт болон блиц төрөлд нэгч хожигдолгүй гурван алтан медалийн эзэн болсон ховор амжилтын эзэн болжээ.

Азийн аваргад Монголын 22 шатарчин оюун ухаанаа сорьсноос стандарт төрөлд Г.Энхчимэг мөнгөн медаль хүртэж, О.Бат-Эрдэнэ, Г.Учрал, А.Энхтуул нар шагналт дөрөвдүгээр байрт, Б.Батзориг, Ё.Эрдэмдалай, Г.Сайханзаяа нар тавдугаар байрт тус тус шалгарчээ.

Харин блиц төрөлд “Урамтай шатар” клубын тамирчин Г.Энхчимэг дөрвөн оноогоор мөнгө, Б.Оюунсувд /5 оноо/, Э.Баасансүрэн /5 оноо/, Г.Учрал /5 оноо/ нар хүрэл медаль хүртсэн байна.

Ийнхүү Монголын өсвөрийн шатарчид тивийн аваргад өнгөтэй байж, блиц буюу түргэн тоглолтын тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, рапид буюу түргэвчилсэн төрлөөс нэг алт, хоёр хүрэл, стандарт төрлөөс алт, мөнгөн медаль хүртлээ.

Өсвөрийн шатарчид долдугаар сарын 5-нд эх орондоо ирэх юм байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж