Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

 -“Алтан
ураг” хамтлагийн уран бүтээлчид Сергей Бодровын “Монгол” киноны дуунаас
бүрдсэн шинэ цомгоо Сант-Петербургийн филармонийн симфони оркестртой
хамтран бичүүлжээ-

“Алтан ураг”…Монголын хөгжмийн
ертөнцөд фолк рок урсгалаар уран бүтээл туурвих болсон эхний
гараанаасаа л үзэгч, сонсогчдод өөр мэдрэмж төрүүлж, ирээдүйтэй уран
бүтээлчид болохоо харуулж чадсан энэ хамтлагт олон давуу тал бий.
“Алтан ураг” бий болсон цагаас тэдний дундаас мэндэлсэн хөгжмийн бүтээл
бүхэн даацтай гэсэн тодотгол дагуулж байсны дээр “Алтан ураг”-ийн
хөгжимчид мэргэжлийн уран бүтээлчдийн шат, шалгуур бүрт өөрсдийгөө
сорин, Монголын үндэсний урлагийг дэлхийн чихэнд хүргэхэд том биш ч
гэлээ томоохонд тооцогдох үүрэг гүйцэтгэж байгаа магтууштай залуус.
Хамгийн сүүлийн жишээ татахад л, хамтлагийн хөгжимчин М.Чимэдтогтох
таван жилд нэг удаа болдог урлагийн олимпийн наадмаас үлээвэр хөгжмийн
төрөлд алтан медальтай ирсэн юм.

Мэргэжлийн
урлаг, уран бүтээлчдийг дэмжих олон нийтийн болоод улс орны ухамсар,
томруулж ярьвал манайхны урлагийг дэмжих бодлого, арга зам нв маруухан
болохоор дэлхийн хэмжээний том наадамд Монголын урлагийн хүчийг
гайхамшигтайгаар харуулаад ирсэн “Алтан ураг” хийгээд бусад уран
бүтээлчдийн гавьяаг төдийлөн анзааралгүй өнгөрсөн юм шиг санагдсан.

Таван
жилд нэг удаа болдог “Урлагийн олимп” өнгөрсөн есдүгээр сарын 9-15-ны
хооронд БНСУ-ын Чежү аралд гурав дахь удаагаа болж, манай уран
бүтээлчид анх удаагаа тус наадамд оролцохдоо 16 төрлийн тавд нь
тэргүүлэн, алтан медальтай ирсэн юм. Утсан хөгжмийн төрөлд П.Тэмүүжин,
үлээвэр хөгжмийн төрөлд “Алтан ураг” хамтлагийн М.Чимэдтогтох, багт
бүжгийн төрөлд ҮДБЭЧ-ын цамын бүжигчид, акапелла төрөлд ҮДБЭЧ-ын
хөөмийчид, уран бичлэгийн төрөлд Д.Ганбаатар нарын уран бүтээлчид
тэрхүү алтан медалийг хүртсэн бөгөөд тэдгээрийн нэг болох “Алтан ураг”
хамтлагийн хөгжимчин М.Чимэдтогтохтой ярилцлаа. “Алтан ураг”-ийнхан
уран бүтээлийн шинэ санаа болоод ажил ихтэй байв. Сант-Петербургийн
филармонийн симфони оркестртой хамтран бичүүлсэн тэдний шинэ цомог
худалдаанд гарах гэж байгаа тухай баяртай мэдээг М.Чимэдтогтох
дуулгалаа.

-Танай цомгууд “Hi-Fi
Records"-ын шилдэг цомгийн жагсаалтад худалдаанд гарсан цагаасаа л
борлуулалтаараа тэргүүлж байгаагийн нууц юу вэ. Ялангуяа "Made In Altan
Urag" цомог…

-"Made In Altan Urag"
цомог бидний анхны цомог шүү дээ. Энэ цомог маань өнөөдрийг хүртэл
“Hi-Fi Records"-ын шилдэг цомогт багтаж байгаа. 2006 оноос хойш гэхээр
багагүй амжилт байх. Хүмүүс сонирхож байгаа учраас л худалдаж авч
байгаа байх. Гэхдээ хүн бидний хийсэн бүтээлийг сонсч, манай цомгийг
худалдаж авах тусам бид илүү сайн хөгжимдөх, ажиллах үүрэг ирдэг.
Бидний өмнө нь амлаж байсан дөрвөн цомог эхнээсээ худалдаанд гарч
эхэлсэн байгаа. Эхний “Blood", "Hypnotism" гэсэн хоёр цомгийн маань
борлуулт сайн яваа. Цомгийн борлуулалт сайн байдаг болохоор уран бүтээл
сайн яваа юу болов уу гэж урамшдаг.

-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Одоо
худалдаанд гаргачихсан байгаа "Blood", "Hypnotism" гэсэн хоёр цомгийн
дараагийнх буюу “Эрт урьдын цагт Монголд” гэдэг этник чиглэлээр
бичигдсэн цомог, “Үндэстэн” гээд цэвэр ардын дуу хөгжмөөр бичсэн хоёр
цомог удахгүй худалдаанд гарах гэж байна. Харин манай хамтлагийн тав
дахь нь буюу “Алтан Ураг” хамтлагийнхны сонсогчдодоо барьж байгаа бэлэг
гэж хэлж болох “Монгол” цомог үүний дараа сонсогчдын гарт очих болно.

-“Монгол” киноны дуунаас бүрдсэн цомог уу?

-Тийм. Алдарт найруулагч Сергей Бодровын “Монгол” киноны дуунаас бүрдсэн цомог л доо.

-Хаана бичүүлсэн бэ?

-Сант-Петербургийн филармонийн симфони оркестртой хамтран бичүүлсэн. Сайн бүтээл болсон байх гэж найдаж байгаа.

-Хөөх
тийм үү, баяр хүргэе. Гэхдээ би таниас нэг сонин асуулт асууя. Та бие
дааж цомог гаргах уу. “Урлагийн олимп”-иос алтан медаль медаль авсан
болохоор тэгж асуумаар санагдаад. Дан бишгүүр хөгжмийн цомог гаргаж
болох л байх?

-Надад яг одоогоор тийм
төлөвлөгөө байхгүй ээ. “Алтан Ураг” хамтлагийн хаа уран бүтээл дээрээ л
идэвхитэй ажиллана. Одоо хийж байгаа гурван цомгоо худалдаанд
гаргаснаар манай хамтлаг нийт долоон цомогтой болж байгаа юм. Гар
утсанд 3G гэдэг технологи нэвтэрч байгаа бол манай хамтлаг салбартаа 1G
болж байна даа. Харин 2010 оноос “Алтан Ураг” хамтлагийн 2G том
төлөвлөгөө байгаа шүү.

-Та өнгөрсөн сард
болсон "Урлагийн олимп"-д амжилттай оролцоод ирсэн болохоор тэр наадмын
тухай хоёулаа ярилцъя. Наадамд гэнэт шийдээд оролцсон уу, эсвэл олон
сарын өмнөөс бэлтгэж байсан уу?

-Ер нь
долдугаар сард урлагийн олимп болох тухай зар гарсан байсан. Тэгээд
Монголоос 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болсон юм. Энэ
олимп нь гурав дахь удаагаа болж байгаа олон улсын наадам юм л даа.
Өмнө нь 2000 онд ОХУ-д, 2005 онд Малайзад болсон, энэ удаад БНСУ-ын
Чежү арал дээр боллоо. Наадамд 54 орны 1500 гаруй уран бүтээлч
оролцсон.

-Сандарсан уу? Тоглохдоо, эсвэл шагнал авахдаа ч юм уу…

-Яг
тоглолтын үед сандраагүй мөртлөө, шагналаа авах гээд тайзан дээр
гарахдаа их сандарсан. Энэ наадамд оролцоход ивээн тэтгэсэн "Gem
international" группийн хамт олонд баярласнаа хэлмээр байна.

-Өрсөлдөөн хэр ширүүн байв?

-Уралдаанд
оролцож байсан бүх орны уран бүтээлчид энэ тэмцээнд алтан медалийн
төлөө л ирсэн байх. Бид ч бас адил урлагийнхны нэр хүнд, авьяас
чадварыг харуулсан энэ том наадамд тодорхой зорилготой явсан. Манай
уран бүтээлчид ийм том наадамд анх удаа оролцохдоо таван алтан
медальтай ирнэ гэдэг том амжилт байсан. Урлагийн олимп гэдэг утгаараа
урлагийн бүхий л төрлийг хамардаг юм билээ. Манай Улсаас масктай
бүжгийн төрөлд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид цамын
бүжгээр, утсан хөгжмийн төрөлд П.Тэмүүжин, акапелла төрөлд хөөмийчид,
уран бичлэгийн төрөлд Д.Ганбаатар нар алтан медаль хүртсэн. Энэ нь
Монголын урлагийн хөгжил дэлхийн тавцанд ямар байгааг харуулсан үйл
явдал гэж би хувьдаа олзуурхаж байгаа.

-Алтан медалийг дагалдаж ямар нэг шагнал урамшуулал ирдэг юм байна уу?

-Наадам
бол маш гайхамшигтай, яг олимпийн хэмжээнд болсон. Манай уран бүтээлчид
ийм том наадмаас ийм олон медаль авч байгаагүй. Медалийг дагалдаж ямар
нэгэн шагнал, урамшуулал ирдэггүй юм билээ. Харин ийм тохиолдолд манай
Засгийн газар, болон шагнал урамшуулал олгох тухай хуулиар шийдэгдэх
байх. Уран бүтээлчдэд хандсан дэмжлэг ер нь манайд жаахан тааруу байдаг
л даа.

-Та хэдэн наснаасаа эхэлж бишгүүр хөгжим тоглосон бэ?

-Би 12 наснаасаа эхэлж бишгүүр хөгжим тоглож сурсан. Одоо 17 жил энэ хөгжмөөрөө тоглож байна.

-Хөгмийн олон зэмсэг байхад яагаад заавал бишгүүр хөгжмийг сонгосон юм бэ?

-Багадаа
бишгүүр хөгжимд их сонирхолтой байсан. Тэгээд хувь тавилан л юм байлгүй
дээ. Миний амьдралд энэ хөгжим байх ёстой байсан юм байлгүй.

-“Алтан Ураг” хамтлагтийнхан нэг ангийнхан гэсэн үү?

-Тийм ээ. Хөгжим бүжгийн коллежийн нэг ангийнхан.

-Танай хамтлагийн нэг онцлог нь олон улсын урлагийн наадамд идэвхитэй оролцдогт байдаг. Олон шагналтай санагдаж байна?

-Гадаадын
олон том, уралдаан тэмцээн, фетиваль, наадамд манай хамтлаг бүрэн
бүрэлдэхүүнээрээ хэд хэдэн удаа оролцсон. Азийн “А” зэрэглэлийн гэж
ярьдаг хамгийн том фестиваль болох “Fuji Rock" гэж наадамд оролцож
байлаа. Ер нь олон явсан юм байна шүү.

-Саяхан
“Алтан Ураг” хамтлагийнхан “Харанга”-ын 20 жилийн тоглолтод оролцсон.
“Толин хул”-ын хөгжмийг өмнө нь хамтарч тоглож байсан уу.

-Саяын
тоглолтон дээр л хамтарч тоглосон. “Харанга”-тай хамт нэг тайзан дээр
гарна гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ. Манайхан маш сэтгэл дүүрэн
байсан, тэр тоглолтон дээр. Үзэгчид ч сайхан хүлээж авсан.

М.Дөлгөөнс /2009 оны 10 сарын 9/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж