Евро бүсийг аврахын төлөө харилцан буулт хийв

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Евро бүсийг аврахын төлөө харилцан буулт хийв

Зургадугаар сарын 29-нд Брюссель хотноо Европын холбооны дээд хэмжээний уулзалт өндөрлөв. Дээд хэмжээний уулзалт дээр Европын тогтворжуулалтын сангаас банкуудад зузаатгал хийх, мөн банкуудын хяналтын нэгдсэн систем байгуулах шийдвэр гаргалаа. Европын холбооны задралын тухай яриа байж болохгүй гэсэн гол шийдвэрийг саммит гаргав. Мөн  гадаад өрийн  хязгаарлалтыг давуулсан орнуудын төсвийг хорих талаар яриа гаргахгүй, Европын нэгдсэн үнэт цаас гаргахгүй болж байна. Холбооны 27 орны лидер шинэ арга хэмжээнүүдийг батлав. Үүнийг Европын зөвлөлийн ерөнхийлөгч Херман ван Ромпейн тавьсан “Нэгдсэн эдийн засгийн ба валютын холбооны төлөөх чиг хандлага” гэсэн илтгэлд тусгажээ.

Зургадугаар сарын 28-29-нд онцгойлон чухалчилж байсан Европын холбооны саммит Брюссель хотноо боллоо. Евро бүсийн хямралтай холбогдуулан төр, засгийн тэргүүн нар нь валютын холбооны цаашдын хувь заяаны талаар шийдвэр гаргах ёстой болоод байсан юм. Олон асуудал дээр тэд харилцан буулт хийж тохиролцоогоо гаргасан байна.

Брюсселийн саммитийн өмнө бүхний анхаарал Герман руу чиглэсэн байлаа. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель (Angela Merkel) авсан үүргээ биелүүлэх  хяналт хийгээгүй, мөн хямралын эсрэг арга хэмжээ аваагүй бол улсын зээлийн өндөр төвшинтэй орнуудад нэмэлт зээл өгөхгүй байхыг эсрэг байв. Саммитийн явцад Меркель Испани ба Итали мэтийн бусад орнуудын шахалт дор тодорхой хэмжээний буулт хийхээс өөр аргагүй боллоо.  

“Италийн шөнө”

“Энэ бол жинхэнэ итали шөнө байлаа!” гэж төр засгийн тэргүүн нарын 29-ний өглөө хүртэл үргэлжилсэн хэлэлцээрийг нэгэн дипломат тайлбарлав. “Эхлээд Итали Европын хөлбөмбөгийн шигээ тоглолтод шалгарлаа. Дараа нь Италийн ерөнхий сайд Марио Монти өөрийнхөө байр суурийг хамгаалан зогсож чадав” хэмээн диломатч хэлжээ.

Италийн ерөнхий сайд Марио Монти, Испанийн ерөнхий сайд Мариано Рахой нар улс орныхоо үнэт цаасыг Европын Тогтворжуулах сангийн хөрөнгөөр худалдан авахуулах тал дээр тууштай зогсч байж үүнийг зөвшөөрүүлж чадав. Тэдний авсан зээл улсын нийт өрийн хэмжээнд орохгүй, банкууд нь уг санхүүгийн тусламжийг шууд авах эрхтэй болж байна. Энэ богино хэмжээний тусламжийн төлөө төсвийн хэмнэлт хийх арга хэмжээний нэмэлт үүргийг тэд хүлээхгүй болж байна. Марио Монти ийм аргаар Итали, Испанийн үнэт цаасны хүүгийн өсөлтийг зогсооно гэж найдаж буй. “Гурвал” энэ үйлдэлд хяналт тавихгүй гэж Монти мэдэгдлээ.  

Испани, Итали “гурвал”-ын эсрэг

“Гурвал” гэгдэж буй Еврокомисс, Европын Төв банк (ЕТБ) ба Олон улсын валютын сан (ОУВС) гэх санхүүгийн хяналтын байгууллагууд Грек, Ирланд, Португали зэрэг орнууд өмнө авсан үүргээ хэрхэн биелүүлж байгааг тогтмол хянаж байгаа. Европын тогтворжуулалтын сан (EFSF) түүнийг залгамжлагч Европын тогтворжуулалтын механизм (ESM) нь зээлийг зөвхөн нарийн тохиролцсон нөхцлөөр олгодог. Европын холбоо, ОУВС ба ЕТБ гэсэн гурвалын шинжээчдэд тусламж гуйсан орнууд өөрсдийн санхүүгээ танилцуулж, тэд зээлийн нөхцлийг тогтоодог.

Испани, Итали санхүүгийн байдлаа байцаагчдад танилцуулах хүсэлгүй байна. Хэрэв улс орнууд ESM ба EFSF сангуудаас тусламж хүссэн бол “гурвал” тэдний үүргийн биелэлтэд хяналт хийнэ гэж Меркель мэдэгдсэн юм.

Европын тогтворжуулах сангийн гуравны нэгийг оруулдаг Герман өөрийн зарчмаас ухрахгүй бөгөөд хямралаас гарах асуудал дээр тэр болгон буулт хийж чадахгүй гэж Ангела Меркель онцолсон юм. Хэрэв өөртөө авсан үүргийнхээ биелэлтэд “гурвал”-аар хяналт хийлгээгүй мөн хямралын эсрэг арга хэмжээ аваагүй бол улсын зээлийн өндөр төвшинтэй орнуудад нэмэлт зээл өгөхгүй гэдгийг Герман эсэргүүцэж байгаа юм.

Ирээдүйд илүү хяналттай байхын төлөө

Германы гол зорилт болгож байгаа Банкуудын хяналтын нэгдсэн системийн талаар зөвхөн энэ оны сүүлчээр ярилцаж эхлэх болно. Харин асуудлын гол нь 60 тэрбум еврогийн тусламж хүсээд байгаа Испанийн банкууд ийм удаан хүлээж чадах уу гэдэгт л байна. Тэдэнд  ойрын долоо хоногуудад хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.

Европын өмнөд орнууд хямралын эсрэг авах хэмжээндээ төсөв зохиох бие даасан эрхийн зарим хэсэг мөн өрийн өсөлтийн асуудлуудыг зохицуулах эрхийг Европын холбоонд хараахан байгуулагдаж амжаагүй фискалийн холбооны хүрээнд өгөхөөр буулт хийв. Гэхдээ энэ нь ойрын ирээдүйд хийгдэхгүй бололтой. Мөн ийм зарчмаар Европын банкуудын холбоо гэж нэрлэгдэх хяналтын байгууллага нь ЕТБ-ны төлөөллөөр ажиллах юм.  

Өрийг нийгэмчлэх нь

Өөр нэг тохиролцоо өрийг нийгэмчлэх байв. Банкуудад зузаатгал хийх болон Испани, Италийн үнэт цаасыг ханшийг нь барьж байх үүргийг Европын тогтворжуулалтын сан хүлээж байна. Герман өрийг нийтийн болгох хэрэгслийг ашиглахын эсрэг байсан юм. Гэтэл Меркель энэ асуудлаар бусдын шахалтаар буулт хийхээс өөр аргагүй болов.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд өрийг Европын болгохын төлөө байсан ба тэрээр саммитийн явцад хийсэн тохиролцооны талаар эерэг сэтгэгдэлтэй байв. “Бүгд өөр өөрсдийн хүчин чармайлтыг гаргалаа. Бид банкуудын хяналт хийх системийг бүтээх хүсэлтэй. Үүний тулд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ энэ нь урт хугацааны сайн зорилт” хэмээн Олланд хэлжээ.  

Улс төрийн холбооны ирээдүй

“Эцсийн дүнд нь бид эдийн засаг ба валютын холбооны үзэл баримтлалыг боловсруулж чадлаа. Энэ нь бид хамтран ажиллаж буйг батлан харуулж байна. Интеграцийн төлөөх алхам бүр эв нэгдлийг авчирч байна. Банкуудын холбоо нь анхны бодит алхам” гэж Францын ерөнхийлөгч мэдэгдэв.

Европын зөвлөлийн дарга Херман ван Ромпей, Брюссельд гаргасан шийдвэрүүдийн “цөмрөлтийн” гэж үнэлж байна. Банкууд банкны хяналтын нэгдсэн систем бүтээсний дараа Европын тогтворжуулалтын сангийн хөрөнгөд шууд хамрагдах зарчмын шинэ тохиролцоог хийж чадлаа гэж тэрээр онцлов.

Хамтын ажиллагаа нь эцсийн дүнд энэ удаагийн саммитаар батлагдсан ч одоохондоо сулхан яригдаж байгаа улс төрийн холбоонд хүргэх ёстой гэж Ангела Меркель онцолсон байна. Энэ талаар тодорхой төслийг аравдугаар сар гэхэд боловсруулаад холбооны гишүүн орнууд нь арванхоёрдугаар сард батлах ёстой болж байна. Улс төрийн холбоо байгуулах санаа нь амьдралд хэрэгжтэл 10 жил шаардлагатай хэмээн Херман ван Ромпей хэлжээ.

Зах зээл Брюсселийн мэдээнд эерэг  хандав. Францын CAC 40 индекс 4,27 хувь, Германы DAX – 4,05 хувь, Британийн FTSE 100 индекс 1,97 хувь тус тус нэмэгдлээ. Brent маркийн нефтийн фьючерс 4,51 хувиар нэмэгдэн нэг баррель нь 95,48 ам.доллараар зарагджээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж