“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдан авах аж ахуйн нэгжүүд төлбөрөө Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн 3603005 дансанд өнгөрсөн зургадугаар сарын 30-наас өмнө төвлөрүүлсэн байх шаардлагыг тавьсан бөгөөд өнгөрсөн бямба гаригийн 21 цагаар тасалбар болгон аж ахуйн нэгжүүдэд олгож буй боломж хязгаарлагдсан юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор төлбөрөө 2012 оны долдугаар сарын 1-нээс өмнө төлсөн аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдахаар заасан байгаа. Худалдан авах хувьцааны дээд хэмжээ 36 мянга 240 ширхэг байх бөгөөд худалдах нэгж хувьцааны үнэ 933 төгрөгөөр тогтсон.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр буюу үүнээс өмнө байгуулагдсан, мөн өдрөөс өмнө болон хойших хугацаанд аль нэг төрлийн татвар төлсөн, татварын сохор зоосны ч өргүй үндэсний аж ахуйн нэгжүүд авах эрхтэй. Хувьцаа худалдан авах хүсэлтээ гаргасан аж ахуйн нэгжүүд төлбөрөө “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн 3603005 дансанд байршуулсны дараа хувьцааг худалдан авах эрх нээгдэх юм байна. Харин хувьцаа худалдан авахаар захиалсан боловч төлбөрөө цагтаа амжиж хийгээгүй компаниудын захиалга өнгөрсөн бямба гаригаас хүчингүй боллоо. Өөрөөр хэлбэл, цагтаа амжиж мөнгөө тушаагаагүй бол хохь чинь болоод л хоосон хоцорлоо гэсэн үг юм. Татварын зөрчилгүй, 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулдагдсан 1096 аж ахуйн нэгж “Эрдэнэс Тавантолгой”-н 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалгаа Үндэсний татварын ерөнхий газарт ирүүлсэн бөгөөд зургадугаар сарын 25-ны байдлаар 82 аж ахуйн нэгж хоёр тэрбум гаруй төгрөгийг тусгай дансанд төвлөрүүлсэн байна. Заасан хугацаанд захилга ирүүлсэн компаниудаас хичнээн компани хэдий хэрийн мөнгөөр хувьцаа худалдан авах саналаа ирүүлсэн нь энэ долоо хоногт тодоорхой болох бөгөөд энэ талаар Татварын ерөнхий газар, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлэх аж.
Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлтэй 1.5 сая гаруй иргэн бүртгүүлжээ. Үүний 98.2 хувь нь хувьцаагаа зарж, бэлэн мөнгөө авах хүсэлтэй байгаа бол үлдсэн нь сургалтын төлбөр, орон сууцны зээл хэлбэрээр авахаар санал гаргасан байна. Иргэдийн хувьцааны төлбөрийн санхүүжилт нь аж ахуй нэгжүүдийн хувьцаа худалдан авах төлбөрөөс төвлөрөх ажээ. Улсын хөдөлмөр халамжийн газрынхны ярьж буйгаар энэ сараас хувьцаа авахгүй нэг сая төгрөгөө бэлнээр авна гэсэн хүмүүсийн мөнгийг олгож эхлэх юм байна. Гэхдээ эхний ээлжинд орлого багатай, эмзэг бүлгийнхэнд өгөх аж. Хэрвээ Засгийн газарт хувьцаагаа худалдахаар өмнө нь хүсэлт гаргасан иргэн хувьцаа эзэмшихээр шийдсэн бол сум, хорооны нийгмийн ажилтанд наймдугаар сарын 1-ний дотор хүсэлтээ гаргах хэрэгтэй ажээ. Харин хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргаагүй иргэний хүсэлтийг нөхөж авахгүй ба хувьцаа эзэмших сонголт хийсэнд тооцох юм байна.