Шинэ хууль, шинэ системээр анх удаагаа болсон энэ сонгуульд иргэд сонгогчдын хувьд ч, нэр дэвшигчдийн хувьд ч ойлгомжгүй, самгардсан тулгамдсан олон зүйл байсан. Тэр тусмаа өмнөх сонгуулийн дараах үймээн хүн болгоны сэтгэлд хадаатай хэвээр, элдэв болгоомжлол, айдас замын салхины үзүүрээр дэгдэхэд бэлэн мэт түгшүүр төрүүлэхээр байсныг хэлэх юун. Санал хураалтын эцсийн мөчид “Хэрвээ…, Хэрвээ…” гэсэн айдас эргэлзээ дагуулсаар байсан бөлгөө. Тийм ч учраас СЕХ урьдчилсан дүнгээ танилцуулж амжаагүй байсан 48 цагийн туршид ямар нэгэн будилаан гарах гэж байгаа юм биш биз, тойрог бүр дээр гар аргаар саналыг тоолно хэмээгээд дахиад л элдэв луйвар гарах вий гэсэн болгоомжлол хүчтэй хэвээр байлаа.
Иргэдийн энэ эргэлзээнд эрх баригч асан МАН гудамжны хэмээн цоллодог байсан жижиг намуудтай нийлэн мэдэгдэл хийж, шаардлага тавьсан нь болгоомжлолыг айдас, бухимдал болгон дэврээхэд бэлэн байлаа. Өнөөдөр ч гэсэн МАН-ын байранд залуус цуглаж байна, СЕХ-ны үүдэнд жагсаал хийхээр зэхжээ гэсэн айдастай ч юм шиг яриа тэнүүчилсээр байна. Яагаад…
Аливаа эрх баригч хүчин, сонгуулийг зохион байгуулагч байгууллагын хувьд сонгуулийг элдэв будилаангүй зохион байгуулах нь зүй ёсны үүрэг.
Тэр ч утгаараа энэ удаагийн сонгуулийг зохион байгуулагч эрх баригч хүчин өөрөө санал хураалт будилаантай болсон хэмээгээд саналыг дахин гар аргаар тоолох шаардлага тавьж байгаа нь хамгийн ойлгомжгүй бөгөөд гайхалтай нөхцөл байдлыг үүсгэж байна. Уг нь бол заавал хуучин шигээ саналын хуудсыг гараар тоолох ч шаардлагагүй сонгогчдын өгсөн бүх саналыг автомат машин зурган хэлбэрээр хадгалдаг бөгөөд үүнийг нь бүх нэр дэвшигчдэд CD-гээр хүргүүлсэн. Үүнийг нь тоолж, тулгахад л хангалттай гэдгийг МАН мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай. Тиймээс заавал бүх хуудсыг гаргаж ирж тоолно гэж байгаа нь дундуур нь өөр саналын хуудас шургуулах гэсэн дархан мэхээ хэрэглэх гэсэн хэрэг биш үү гэсэн эргэлзээг яах аргагүй төрүүлээд байгаа хэрэг.
Өнөөдрийн гомдол тавьж буй МАН сонгуулийн шинэ хууль, санал хураалтыг автоматаар тоолох хуулийг баталж, санал тооллогын машиныг сонгон шалгаруулах, суурилуулах ажлыг гардан хийсэн. Гэтэл яагаад тэд өөрсдийн баталсан сонгосон, гүйцэтгэлийг нь гардан хариуцсан автомат машиныг үзэн ядаж гомдоллох болов. Хүн л юм сан хойно гараар тоолоход ямарваа нэгэн будилаан гарч болзошгүй гэдгийг тэд хүлээн зөвшөөрч байсан, автоматаар саналыг тоолох нь байж болох хамгийн шалгарсан бөгөөд найдвартай арга зам гэдгийг сурталчилж, таниулж байсан. Өнөөдөр харин хэлсэн үгээ мартсан эрхэм гишүүд байх ахул Автоматаар санал тоолох хуулийг хэлэлцэж байх үеийн УИХ-ын протоколийг өнөөдөр МАН эргээд нэг харах хэрэгтэй байх. Тэд энэхүү шалгарсан аргыг хамгийн хүчтэй дэмжсэн бөлгөө. Уг нь ямар ч эрүүл ухаантай хүн сонгуулийн санал тооллогын ямарваа нэгэн будилаан, зөрчил гарсан байх ахул үүний хамгийн гол буруутан нь зохион байгуулагчид болох эрх баригч МАН, гүйцэтгэгч Засгийн газар л буруутай гэдгийг ойлгож л байгаа. Харин өөрсдийгөө мөнхийн эрх баригч, мөнхийн ялагч байх ёстой гэсэн 90 жилийн “дархлаа” нь МАН-ыг бодит нөхцөл байдлыг ойлгохгүй, ойлгосон ч хүлээн зөвшөөрөхгүй байхыг шаардаад байна уу?
Өнөөдөр албан ёсны дүнг гаргахгүй удав хэмээн шүүмжлүүлж байгаа СЕХ-г хэн удирдаж, тус хорооны гишүүдийн дийлэнх олонх нь аль намын угшилтай хүмүүс байгаа вэ гэдгийг бүгд мэднэ. Хэдийгээр СЕХ-ны дарга болоод гишүүд намын харьяаллаасаа түдгэлзэх ёстой учиртай ч гишүүдийн дийлэнх нь МАН-ын хуучнаар МАХН-ын угшилтай гэдгийг бид мэднэ. Ямарваа нэгэн асуудал гарч гэмээнэ хариуцлагыг нь хүлээнэ хэмээж байсан Улсын бүртгэлийн газрын удирдлага аль намынх билээ гэдгийг тэд ч бас бид ч мэдэж байгаа.
Ялалт байгуулав хэмээн хамгийн түрүүнд баярын уухай хадаасан Ардчилсан намын хувьд ч сонгогчдын үнэмлэхүй олны саналыг авч, түүхэнд байгаагүй ялалт байгуулав гэж хөөрөх учиргүй. МАН-аас салан тусгаарласан МАХН Ардчилсан нам олонхийн саналыг авахад бас нэгэн хүчин зүйл болсныг ч үгүйсгэх аргагүй. Магадгүй өнөөдөр Ардчилсан нам, даргынх нь хувьд олонхийн суудал авав хэмээн алга ташин баярлах бус нийт сонгогчдын олонхийн саналыг яагаад авч чадаагүй вэ гэдэгтээ дүгнэлт хийх алхам хүлээж байх учиртай.
Тийм ч учраас өнөөдөр олонхийн санал авав гэж баярлаж байгаа Ардчилсан намын хөөрөл ч, өөрсдөө гардан зохион байгуулчихаад гомдолтой хэмээн матрын нулимс унагаж байгаа МАН-ын тунирхал ч үнэндээ утга учиргүй.
Харин хамгийн гол үнэн бол ард түмний санал будилаантахгүй байж, засаглалд жинхэнэ ёсоор тусгалаа олох, өөрөөр хэлбэл, аль нэгэн намын тоглолт, тоглоом болох учиргүй билээ. Тэр хэрээрээ МАН улс төрийн соёл гаргаж сонгуулийн дүнг хүлээж авахыг, аль ч нам хүчин нь ямар нэгэн шалтаг, шалтгаанаар янз бүрийн гомдол, таамаглал гаргаж, олон нийтийн санаа бодлыг эргүүлэх гэсэн алхам гаргахгүй байхыг олон нийт хүсч байна. Яагаад гэвэл бидэнд хангалттай гашуун сургамж бий. Яагаад гэвэл улс төрийн хүчнүүд сонгуулийн өмнө хангалттай муудалцсан, элдэв алдаа мадаг гарахаар байсан бол засч залруулах хугацаа боломж байсан гэдгийг олон нийт мэдэж байгаа.
Тийм ч учраас иргэдийг ямар нэгэн байдлаар турхирсан, сонгуулийн дүнд нөлөөлөх гэсэн, нийгмийн хэв журмыг алдагдуулах гэсэн ямарваа нэгэн нөхцөл байдал үүсэх юм бол сонгуулийн санал хураалтын шөнөөс эхлээд турхирч байсан МАН хариуцлагыг нь гарцаагүй хүлээх нь л тодорхой. Тиймээс өнөөдөр, маргааш иргэдийг турхирсан, сонгуулийн будилаантуулсан аливаа зүйл бүү дэгдээсэй, дэгдээгээсэй гэж олон нийт хүсч байгаа билээ. Байгаа бүхэн хууль, журам ёсныхоо дагуу үргэлжилж, СЕХ-оо албан ёсоор дүнгээ гаргаж, төр амирлаасай билээ.