”Өөрсдөө хуулиа баталчихаад гомдоллоод байгааг ойлгохгүй байна”

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

”Өөрсдөө хуулиа баталчихаад гомдоллоод байгааг ойлгохгүй байна”

УИХ-ын сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар СЕХ-оос танилцуулсан ч эцсийн дүн хараахан гараагүй байна. Цаг үеийн асуудлаар болон Сонгуулийн тухай хуулийн эргэн тойронд өмгөөлөгч О.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Сонгуулийн үйл явцад өмгөөлөгч, хөндлөнгөөс харж байгаа хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Хууль зүйн талаас нь харах юм бол бололцооны сонгууль боллоо гэж бодож байна. Өмнөх маргаантай, будлиантай сонгуулиудад оролцож явсан хүний хувьд шүү дээ. Өнгөрсөн онд парламентаас баталсан Сонгуулийн тухай хууль чамгүй сайн хууль болсон байна. Гэхдээ төгс, төгөлдөр биш, анхаарах зүйл бас байна. Хэдийгээр төгс биш ч гэсэн энэ удаагийн сонгууль тайван, хууль бус үйлдэл багатай сонгууль боллоо гэж бодож байна, хуульч хүнийхээ хувьд. Өөрөөр хэлбэл, сонгуулийг зохион байгуулж байгаа тойрог, хэсгийн хороо, СЕХ болон нэр дэвшигчид хоорондын харилцаа, мөн нэр дэвшигчид сонгогчдын саналыг худалдаж авах, худалдах авахыг оролдох хууль бус үйлдлүүд зэргийг ажиглаж байхад шүү дээ. Өмнө нь сонгуулийн тухай хууль Эрүүгийн хуулийн ямар нэг хамгаалалтгүй байсан. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад Эрүүгийн хуулийн хамгаалалтыг тусгаж, хариуцлагыг чангатгаж өгсөнтэй холбогдуулан тайван болж өнгөрлөө гэж бодож байна.

-Сонгуулийн албан ёсны дүн гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсоор өргөн бариагүй ч урьдчилсан дүнг СЕХ-оос танилцуулсан. Гэтэл энэ дүн араасаа маргаан дагуулаад байна. Тухайлбал, ялагдсан намууд унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг саналын хуудсыг гар аргаар дахин тоолуулна гээд шалтаг хайгаад эхэллээ л дээ. Энэ бүхэн хуулийн хүрээнд явагдаж байна уу?

-Дийлэнх нам, улс төрийн хүчнүүд анх удаа ийм зүйл тохиолдож байгаа мэт яриад байна л даа. Бид өнгөрснийг эргэн харах хэрэгтэй. Тухайлбал, би гэхэд хуульч мэргэжлийг эзэмшсэнээс хойшхи хоёр  сонгуулийг санаж байна л даа, 2004, 2008 оны сонгуулийг. Ер нь бол 1990-ээд онд өсч, торнисон гэдгээрээ ардчилсан сонгуулиудыг сайн мэдэж байна л даа. Энэ бүхнээс харж байхад сонгуулийн дараа аль нэг улс төрийн хүчин сонгууль будлиантай боллоо, саналыг дахин тоолох хэрэгтэй, тойрог, хэсгийн хороонд будлиан гарчихлаа гэдэг. Дандаа л ийм зүйл ярьж байсан байгаа юм. Энэ асуудлыг тэгвэл эргээд нэг хараад үзье. Ийм асуудал гаргасан тохиолдолд СЕХ нь “Бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Саналыг дахин тоолох хуульзүйн үндэс байхгүй” гэж асуудлыг шийдээд явж ирсэн. Ард түмэн төрийн хариуцлагатай эрх барих байгууллагаа сонгодог энэ үйл явц, хэн нэгэн этгээдийн буюу ялагдсан этгээдийн саналаар дахин тоолдог, ийм процесс биш. 2008 оны сонгуулийн дүн гарсны дараа мөн л ийм л зүйл болж байсан. Тэр үед СЕХ-ны дарга байсан Д.Баттулга “Та нар  ард түмний сонголтыг өөрчлөнө гэж бодож байвал битгийн мөрөөд” гэж хэвлэлийн хурал дээр хэлж байсан. Тэр үед ард түмэн яаж бухимдлаа, юу болсон бэ гэдгийг бүгд санаж байгаа. Маш их маргаантай байсан зүйл.

-Тэгвэл одоогийн хуулинд энэ маргааныг яаж зохицуулахаар тусгасан билээ?

– Одоогийн Сонгуулийн тухай хуульд дахин тоолох, гар аргаа тоолох гэх мэт хууль эрхзүйн үндэс байхгүй. Нэг зохицуулалт байгаа нь сонгуулийн хэсгийн хорооны хүлээж авсан саналын хуудас, машины тоолсон хуудас хоёр хоорондоо зөрөх юм бол дахин тоолно гэсэн заалт бий. Энэ удаагийн хуульд дахин тоолох,таалагдахгүй бол дахин тоолох гэдэг юм уу, иймэрхүү зохицуулалт нь байхгүй юм. Мөн иргэн хүнд үйлчилдэг хуулийн зарчим бий. Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө гэж. Гэхдээ энэ зарчим төрийн байгууллага дээр бол өөр. Тухайлбал, СЕХ нь сонгуулийн төв байгууллага. Энэ байгууллагын хуулинд СЕХ хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллана гэж бий. Дээрээс нь СЕХ-ны үйл ажиллагаанд аливаа нэг этгээд, байгууллага, хэн  ч хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Өөрөөр хэлбэл, ард түмнийхээ сонголтыг хамгаалж байна гэсэн үг юм. Хамгийн гол нь СЕХ хуулиа баримталж ажиллах ёстой, хууийн дагуу саналын хуудсыг тоолж, урьдчилсан дүнг танилцуулж, хуулийн дагуу ажилласан. СЕХ-оос гаргасан шийдвэрүүд хүчин төгөлдөр байдаг. Үндсэн хууль зөрчсөн эсэх дээр маргаан үүсвэл Үндсэн хуулийн цэцэд хандаж, шийдвэрлэдэг. Бусдаар бол СЕХ-ны гаргаж буй шийдвэрүүд бүгд хүчин төгөлдөр байдаг.

-Сонгуулийн тухай хууль сайн хууль байсан, гэхдээ төгс, төгөлдөр биш гэдэг нь харагдлаа гэсэн. Ямар ямар заалтуудын алдааг нь олж харав?

-Хэдийгээр чамгүй сайн хууль болсон ч гэсэн зарим зүйлд дутагдал харагдаж байгаа юм. Жишээлбэл, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах асуудал. МАН-аас нэр дэвшигчийг шүүхээс 500 гаруй мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаж байгаа юм. Уг нэр дэвшигч нь сонгогчдын саналыг татах зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулсан байна гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл энэ шийдвэрийг тойргийн хорооны хурлаар шийднэ гэсэн заалтын дагуу тойргийн хороо хуралдаад нэр дэвшигчээс хасах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргаж байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн дагуу тойргийн хорооны шийдвэр таалагдахгүй бол гомдол гаргагч СЕХ-нд хандах эрхтэй гэж заасан. СЕХ-нд хандахаас өмнө эхний гаргасан захирамжийг  тухай тойргоос гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх бүрэлдэхүүн гараад эхний захирамжийг хүчингүй болгож байгаа юм. Хууль зүйн үүднээс шүүгчийн захирамж байхгүй болж байна гэсэн үг. Гэхдээ тойргийн хороо шийдвэрээ гаргаж байхад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсан. Гэтэл шүүхийн шийдвэр байсаар байтал сонгуулийн хэсгийн хороо шийдвэрээ гаргахдаа хууль баримтлаагүй бол яах юм бэ гэдгийг хуулинд тусгаагүй, зохицуулаагүй үлдсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн гол төлөв маргаантай холбоотой заалтуудыг цаашид улам боловсронгүй болгох хэрэгтэй байна гэж харж байлаа.

-Анх удаагаа автомат аргаар санал тооллоо. СЕХ-оос сонгох аргаар нэг тойргийн хоёр хэсгийн хорооны саналыг гар аргаар тоолно гэсэн заалт хуулийн хүрээнд байх ёстой юу?

– Энэ бол хуулийн хүрээнд хийгдэх ажил. Ард түмэн, улс төрийн намуудын автомат машинд итгэхгүй байх эргэлзээг нягтлах ёстой болов уу гэдэг үүднээс гаргаж байгаа шийдвэр гэж би ойлгож байна. Ер нь бол Сонгуулийн автомат системийн тухай хууль гэж том хууль баталсан. Хуульчдын хувьд ойлгоход хүндрэлтэй, техникийн мэргэжлийн үг хэллэгтэй хууль батлагдсан. Гэхдээ судлаад үзвэл маш сайн хууль болсон байсан. Энэ хуульд системийг яаж байрлуулах, хаанаас удирдах, яаж турших гээд бүх зүйлийг нарийн тусгасан. Автомат системийн тухай хууль гэсэн мөртлөө асар том хууль юм. Одоогийн энэ маргалдаад, гомдол гаргаад  байгаа зарим намууд энэ хуулийг батлахад байсан, зарим нь хуулийг батлахад хөндлөнгөөс хянаж, зарим нь бүр олонхоороо баталсан хууль шүү дээ. Өөрөөр хэлбэл, СЕХ автомат системийн хуулийн чиг үүргийн дагуу автомат машин худалдаж аваад, программ хангамжийг суулгаад, шалгаад явах явцад УИХ хяналт тавьж, оролцож байсан.  Дээрээс нь бүртгэлийн асуудал. Бүртгэлээ яаж гаргаад, яаж уншуулах, жагсаалтаа яаж гаргах вэ, яаж уншуулах гэх мэтийг гомдол гаргаад байгаа улс төрийн нам хүчнийхэн л хийсэн шүү дээ. Аль ч нам эвсэл таалагдахгүй бол гэдэг өнцгөөр хууль зүйн асуудалд хандмааргүй байгаа юм.

-Өөрөө баталчихаад энэ буруу байсан байна гээд гомдол гаргаж байгаа хууль зүйн үндэстэй юу?

-Гомдох эрх бол хүн бүрт бий. Төрийн байгууллагын албан тушаалтанд хандаад хүсэлт, гомдол гаргах нь аль ч субьектэд нээлттэй. Харин төрийн байгууллага тэр асуудлыг нь эрхзүйн хүрээнд авч хэлэлцээд, шийдээд, эцсийн шийдвэр гаргасан байхад, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, жагсаал хийнэ гэдэг ч юм уу, дөрвөн жилийн өмнөх шарх аниагүй байхад дахин жагсана гэсэн асуудал яриад байгааг нь хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрч боломгүй байгаа юм. Хэвлэлийн хурал хийж байгааг нь харахад дөрвөн жилийн өмнө иргэдийг турхирч байсан хүмүүс байж л байсан. Гэтэл одоо бас л таалагдахгүй байна гээд явж байгаа байхгүй юу. Нөгөө талаас нь харахад нэг нам нь олонхийн суудал авчихлаа гээд байгаа юм. Гэтэл СЕХ-оос гаргасан урьдчилсан дүнгээр 39 суудал авсан нэг ч улстөрийн хүчин байхгүй байсан шүү дээ. Энэ бүхнийг хараад гайхаж байна л даа.

-Иргэний үүргээ гүйцэтгэж саналаа өгөхдөө юуг илүү их ажиглаж байв. Сонгогчийнхоо хувьд шүү дээ?

-Бүх зүйл шинэ гэж хэлэхээр байсан шүү дээ. Хуучин бол сонгогчийн үнэмлэх аваад, хуруундаа тэмдэглэгээ хийлгэдэг байсан. Гэтэл энэ удаа хурууны хээгээ уншуулахад компьютерт миний бүх мэдээлэл гарч байгаа эсэх, саналын хуудас бөглөх бүхээг маань нууцлалтай байж чадаж байгаа эсэх, автомат машин хэрхэн уншиж байна гээд л иргэн хүний хувьд ажиглах зүйл их байсан.

-Бүх зүйл шинэ байсан гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Алдаа эндэгдэл ч байсан. Цаашид бид алдаа эндэгдлээ хууль эрхзүйн хувьд засч, залруулах боломж нь хэр байна вэ?

-Сонгуулийн хуулийг батлах гэж бүтэн жилийн турш маргасан. Энэ хуулийн дагуу сонгууль явагдаж дууслаа. Сонгуулийн будлиантай холбоотой маргааныг хамгийн их мэдэрдэг нь хуульч хүмүүс байдаг. Тэр дундаа өмгөөлөгчид. Хаана ямар маргаан гарсан, ямар боломж байна, хэн хаана юу гэж гомдол гаргаж байна, хэн цэц, шүүхэд хандах гэж байна гэсэн мэдээллүүдэд өмгөөлөгч нар илүү ойр байдаг гэсэн үг. Өнгөрсөн сонгуулиар ч гэсэн ийм байсан. Энэ удаа хууль бус үйлдлүүд нь бага, хэл ам бага болохоор тэнд байгаа машин руу дайрч эхэлж байх жишээтэй. Гэтэл хяналтын тооллого хийхэд аль, аль нам эвслийн ажиглагч нар байсан байх. Гэтэл хяналтын тооллого зөрөөгүй гэж СЕХ хэлсэн.Сонгуулийн процесс эхэлж, дуустал нь бүх намын ажиглагч нар байж байсан шүү дээ. Хэн нэгэн бульхай хийсэн бол аль нэг нам нь 40 суудал авах л байсан байлгүй.

-Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Sky” телевизийн байранд дайран орж сэтгүүлчид рүү халдсан байна. Ер нь сэтгүүлчийн эрхзүйн хамгаалалт ямар байх ёстой юм бэ?

-Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллгаанд саад хийх гэсэн тусдаа гэмт хэргийн зүйлчлэл байна л даа. Гэхдээ ял шийтгэл нь бага, хүндэвтэр гэмт хэрэгт тооцогдоно.Сэтгүүлчийг үйл ажиллагаа явуулахад нь ямар нэг байдлаар саад учруулах, чөлөөтэй хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд саад хийх юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг, Эрүүгийн хуулийн заалт бий. Хувийнхаа туршлагаас бол яг энэ заалтаар хариуцлага хүлээж байсныг мэдэхгүй юм байна. Мөн сэтгүүлчид өөрсдөө ийм заалтаар намайг ингэсэн гээд явж байсныг мэдэхгүй байна. Магадгүй энэ заалтыг мэдэхгүйтэй холбоотой байх. Би бас тэр бичлэгийг үзсэн. Хоёр сэтгүүлчийн тархины яс цуурсан гэж байсан. Ийм тохиолдолд гэмтлийн зэргийг тогтоолгоод, сэтгүүлчийн эрх гэхээсээ илүү хувь хүнд халдсан гэдгээр нь хариуцлага хүлээлгэх байх.  Ийм тодорхой нотлох баримт байхад зодсон этгээд ял шийтгэлээ хүлээж л таарна.

-Та цагдаагийн удирлагуудын хэргийг өмгөөлж байсан. Шүүхийн шийдвэр гарсан шүү дээ. Та хэр санал нийлж байна вэ?

-Мэдээж санал нийлэхгүй байгаа. Анхнаасаа ийм зүйл заалтаар шийтгэгдэх ёсгүй л байсан. Шүүх хуралдааны үеэр илүү баримт, нотолгоотой, өөр зүйл сонсогдох байх гэж бодсон ч үгүй байсан. Дараа дараагийн шатлалдаа залруулаад явах байх л гэж бодож байна.

-Өмгөөлөгч өөрийнхөө өмгөөлж байгаа хүнийг орхиж явсан гээд та шийтгэл амсч байсан шүү дээ. Та хуулийн хүрээнд ажиллаж байсан уу?

-Би хуулийн хүрээнд ажилласан. Тэгээд 14 хоног саатуулагдсан.  Би хувь хүнийхээ хувьд нэг л зүйл дээр итгэл үнэмшилтэй байдаг. Үнэн юм гэдэг хэзээд гарч ирдэг. Хэзээ нэгэн цагт эрхзүйн өндөр  хөгжилтэй бусад орнууд шиг, өмгөөлөгч нь хэлэх үгээ хэлдэг, хууль шүүх нь зөвхөн нотлох баримтан дээр үндэслэн шийдвэрээ гаргадаг ийм систем манай улсад тогтно, ойрхон байгаа л гэж боддог.

-Нэг жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно.  Энэ үед сонгогчид юуг илүү их анхаарах ёстой вэ. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах ёстой юу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой байх гэж бодож байна. Хуульчийн тухай хууль, шүүхийн шинэтгэлийн хэд хэдэн хууль батлагдсан, зарим нь эхнээсээ үйлчлээд эхэлж байна. Үүнийг дагаад эерэг, нааштай өөрчлөлт орж ирэх байх. Хуулийн системд эерэг, нааштай үйлдлүүд ороод ирвэл иргэдийн зүгээс ч мөн асуудалд өөрөөр ханддаг, мөн парламент ч хууль батлахдаа илүү нухацтай ханддаг болох байх. Дээрээс нь өнгөрсөн парламентыг бодвол сөрөг хүчин ихтэй парламент болох байх тэгэхээр батлагдах хуулиад нь чанартай байх болов уу гэж бодож байна.

-Өнгөрч буй сонгууль хууль зүйн дагуу явагдсан гэж та дүгнэж байна уу?

-Хууль зүйн хүрээнд явагдсан. Хуульд нийцсэн үү гэвэл хуульч хүний хувьд эргэлзээ алга. Хууль зүйн дагуу явсан энэ үйл ажиллага, Засгийн эрхийг нэг улстөрийн хүчин нөгөөдөө шилжүүлэх үйл явц, ардчилсан төрийг ардчилсан байна уу үгүй юу гэдгийг харуулдаг хамгийн том шалгуур гэж би боддог. Ийм үйл явц болох гэж байхад бүх үйл ажиллагаа хууль зүйн дагуу болоогүй юм шиг яриад, ийм ярианд автаж, ямар нэг хууль бус үйлдэл, үйл ажиллагаанд битгий хамрагдаарай гэж хүсч байна. Хууль бус үйл ажиллагаа нь иргэн хүний хувьд ч гэсэн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй байх.

“Eagle News TV”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж