Зултай долдугаар сарын 1

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

Зултай долдугаар сарын 1

Өнөөдөр долдугаар сарын 1-ний өдөр. Улсын их баяр наадам дөхлөө хэмээн уяачид хурдан хүлгийнхээ сүүлийг боож, бөхчүүд гал галаараа бэлтгэлд гаран харваачид эвэр нумынхаа цэц мэргийг сорьж, эхнэр хүүхнүүд гоёлын дээл урлаж сэтгэл догдолдог зуны энэ сайхан өдөр дөрвөн жилийн өмнө эмгэнэлийн  хар сүүдрээр солигдсон.  Одоо долдугаар сарын 1 гэхээр зуны найртай өдөр бус хиншүү хярвасны үнэр, танк, хуягт зогсоосон нийслэлийн гудамж, таван халуун амины нэхэл, шархдаж гэмтсэн хүмүүсийн энэлэл, шоронд хоригдсон залуусын шаналалаар санаанд буух болжээ.
Хэзээ ч мартагдахгүйгээр ардчилсан Монгол Улсын түүхийн эмгэнэлт хуудас болсон 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дөрвөн жилийн ой, таван хүний амины нэхэлд зориулж өнөө орой 20.00 цагаас Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол болох гэж байна. Зуны зугаатай долдугаар сарын 1 ийнхүү үеийн үед зултай долдугаар сарын 1 болон хоцорлоо.
Үүний шалтгаан бол сонгуулийн маргаан. Өгсөн санал нь луйврын замаар орж сонгуулийн санал эсрэгээр эргэхэд ардчилсан Монголын сонгогчид жагссан. Жагсаал нь үймээн болж, онц байдалд хүргэж, үр дүнд нь  нэг хүн угаартаж, дөрвөн хүний амийг  галт зэвсгээр егүүтгэсэн. Буу хэрэглэх тушаал өгсөн дээд тушаалтныг нуусан цагдаагийн экс дарга нар өнөөдөр шоронд хоригдож, бэртэж шархадсан иргэд, цагдаа нар илааршаагүй байна. Цагдаагийн хоёр албан хаагч тэр үед авсан гэмтлээсээ болж нас барж, бас жирэмсэн эмэгтэй жагсаалд оролцсон хэргээр баригдаж тавигдаж явсаар хэвлий дэх үр нь зулбасан гээд тоолбол таван хүний тасарсан амьдрал найм болж нэмэгдээд буй.
Энэ явдлаас ухаарал авч УИХ-ын 2012 оны сонгуулийг шударга явуулах андгайг АН, МАН тэргүүтэй бүх нам тавьсан. Тэр ёсоор анх удаа автомат саналын машинаар сонгуулийн  урьдчилсан дүнг гаргалаа. Иргэд, сонгогчид саналаа идэвхтэй өгсөн. Сонгуулийн дүнд ч сэтгэл хангалуун байгаа.
Гэтэл МАН тэргүүтэй сонгуульд оролцсон нам, эвслүүд АН ахиу суудал авсанд дургүйлхэн элдэв яриа хэл гаргаж эхлэв. МАН-ынхан олон залуусыг Тусгаар тогтнолын ордондоо цуглуулж шоудлаа. Тусгаар тогтнолын ордон бол тэр эмгэнэлт өдрийн бас нэг бэлгэдэл юм. Түүний суурин дээр байсан цагаан ордон шатсан ч өнөөдөр Тусгаар тогтнолын гэсэн гоё нэртэй шинэхэн ордон сүндэрлэсэн. Харин хүний амь нөхөгдөхгүй, галт зэвсгийн шарх, сорви арилахгүй. Шоронд хоригдогсдын намтар дахь хар толбо арилахгүй.
Гэхдээ сонгогчид одоо улстөрчдийн зугаа тоглоом болохоо больжээ. Өгсөн саналын дүн нь ханатай гарсан болохоор тэд жагсаал цуглаан хийхгүй байна. Сонгуулийн луйврын дүнд иргэд, цагдаа нар л хохирдгийг сонгогчид мэдэхийн цаагуур мэддэг болсон. Тиймээс одоо улстөрчдийн турхиралтаар хөдөлж хувь заяагаа золих хүн гарахгүй л болов уу.
Зултай долдугаар сарын 1 ихээхэн том сургамж өгсөн. Тэр сургамжийг авсандаа иргэд зөрчил гаргалгүй сонгуульдсан. Улс төрийн соёл ч өндөр болсон нь харагдлаа. Харин МАН тэргүүтэй  улс төрийн намын дарга нар иргэдээсээ улс төрийн соёлоор хол хоцорсныг сүүлийн өдрүүдийн үйл явдал харуулж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж