2012 оны сонгуулийн албан ёсны дүнг СЕХ танилцуулсан ч тус сонгуульд
оролцсон МАН тэргүүтэй нам, эвслүүд тахимаа өгөх дургүй байна. Энэ удаа
сонгогчдын олонх АН-д итгэл үзүүлсэн нь тэдэнд таалагдсангүй. Үүрд мөнх
МАН ялж байх ёстой юм шиг аашилж, “ноёны бөхийг унагасан наадмыг
үзэхгүй” гэж тунирхан гарч гүйдэг Эх дагина шиг авирлаж эхэллээ. Ингээд
МАН сонгуульд өвдөг шороодсон бусад жижиг нам, эвслүүдтэй элбэж байгаад
АН-ыг ганцааранг нь буланд шахан “зодох” ажилд шилжив.
Тэдний
бодож олсон шалтгаанаар бол АН санал тоолох автомат машинтай “хуйвалдаж”
байгаад сонгуулийг “луйварджээ”. Бас болоогүй автомат машиныг
“янзалсан” этгээдийг нэрлэхээ мартсангүй. “Бодь” группыг “хэргийн
эзэн”-ээр тодруулж “Тэднийх санал тооллогын автомат машиныг тендэргүй
оруулж ирээд АН-ыг ялсан болгож сонгуулийн урьд орой кодолсон байна.
Хоёр флаш диск дээр саналын дүнг хуулж, урьдчилж бэлтгэсэн флаш дискийг
СЕХ-нд илгээжээ” хэмээн Гурав дахь хүчний эвслийн төлөөлөл, БНН-ын
дарга Б.Жаргалсайхан мэдэмхийрэв. Тэдний оношилсноор ялангуяа нийслэлд
автомат машинд зөвхөн АН-ыг таньж ялагчаар тоолдог программ “суулгасан”
юм байх.
Уг нь “Бодь” групп иргэний цахим үнэмлэх хэвлэх ажилд л
оролцсоныг өвдгөө шороодсон ч тахимаа өгөх хүсэлгүй байгаа эрхмүүд
санал тооллогын машин хэмээн зориуд “эндүүрчээ”. Иргэний цахим үнэмлэх
хэвлэх ажил санал тооллогын машин хоёр бол тэмээ ямаа гэдэг шиг огт өөр
зүйл гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа ч “унасан бөхөд шалтаг мундахгүй”
гэгчээр албаар эндүүрч “Бодь” групптэй хамаатуулах гээд байгаа нь олон
түмнийг төөрөгдүүлэх гэсэн ганц л зорилготой.
Санал тооллогын
хэд хэдэн машиныг АНУ, БНСУ-аас авчирч танилцуулсныг МАН олон суудалтай,
өдгөө ч бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа УИХ-ын гишүүд үзэж харж, голж
шилж байж саяын сонгуульд хэрэглэсэн машиныг АНУ-аас авахаар болсныг тэд
мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Санал тоолох машин оруулж ирэх ажлыг СЕХ
гардан гүйцэтгэж, ТЕГ, Харилцаа холбооны газар хяналт тавьж, тэдгээр
байгууллагын хяналт дор программ хангамжийг суулгасныг тухай бүр
хэвлэлүүд мэдээлж байсан. Үүнийг одоо эрх барьж байгаа МАН мушгин
гуйвуулж, өөрсдөө автомат машин сонгоход оролцоогүй мэт загнаж
“гудамжны” гэж нэрлээд байдаг намуудтайгаа мөр зэрэгцэн нэг фронт болж
аваад сонгуульд ялалт байгуулсан АН-ыг гүтгэх их аянд мордлоо.
Санал
тоолох машиныг “Бодь” групп оруулж ирээгүй гэдгийг СЕХ-ны дарга
Н.Лувсанжав албан ёсоор мэдэгдэж, “Бодь” группын төлөөлөл ч хэвлэлийн
бага хурал зарлан үүнийг нотолсон. Программ хангамж суулгасан
“Интерактив” компанитай “Бодь” групп холбоогүй гэдгийг ч мэдэгдсэн.
Харин ч программ хангамж суулгасан компани хэнтэй хамаатай вэ гээд ухаад
үзвэл эрлийн үзүүр МАН тийш хөтлөх нь гарцаагүй үнэн юм. Бодит нөхцөл
байдал ийм байхад МАН туршлагатай, тулхтай ууган намаас гарамгүй үйлдэл
хийж, энгийн үед хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй жижиг намуудтайгаа нийлж
аваад СЕХ-г шахаж, дарамталж элдвийн араншин гаргаж байна.
Гэтэл
гадаадын олон орны ажиглагчид УИХ-ын сонгуулийг маш амжилттай болсныг
тэмдэглэж байгаа. БНСУ, ОХУ-д ашиглаж амжаагүй байгаа санал тоолох
автомат машинаар монголчууд сонгууль явуулна гэдэг уг нь тэдний санаанд
багтахгүй байсан гэдгээ нуугаагүй. Харин тэгтэл бүр тэдгээр оронд
туршлага болмоор сайхан сонгууль болсныг гадаадын ажиглагчид СЕХ-нд
мэдэгдэж байсан юм. Нэг хувийн алдаа гарч болно гэдгийг гэрээнд заагаад
байсан ч тэр алдаа гараагүй.
Гэвч МАН тэргүүтэй шороотой
бөхчүүдэд бодит байдал хамаагүй ажээ. Яаж ийгээд хүний гараар саналыг
тоолуулж, хэдэн хоногоор сонгуулийн дүнг саатуулж, ингэх завсраа сурсан
дадсан луйвраа хийж сонгуулийг жинхэнэ утгаар нь будилуулахаар улайрч
эхэллээ. Гар аргаар тоолох завсар хэчнээн ч хуурамч саналын хуудас
хавчуулж мэднэ. Урьд өмнө нь тийм аргаар ялж явсан гэдгээ батлах гэж
байгаа мэт МАН гар тооллогод хачин хайртай гэдгээ зарлалаа.
МАН
дандаа олонх болж, МАН дандаа ялж, МАН дандаа эрх барьж, МАН дандаа
засгийн залуур дээр сууна гэсэн сэрүүн зүүднээсээ эрх баригчид сэрэх тун
дургүй байна. Тэгээд хэзээ ч тоож байгаагүй бусад намуудтайгаа нийлж
аваад АН-ыг намнах гэж сонгуулиас хойш нойр хоолгүй гүйж явна. Ардчиллын
фронт дээр тоглож өдийг хүрсэн ИЗНН-ынхан МАН-тай нэг тал болж арваад
жилийн турш төлөвшөөгүй гэдгээ харууллаа.
Монголын төр, засгийг
90 жилийн 86-д нь барьсан Ардын намынхан төр барихын төлөө яахаас ч
буцахгүй , бусдын ялалтыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн зүтгэсээр.
Тойрог бүрээс хоёр хэсгийн хороог сугалаагаар шодож гараар тоолоход
маргаан гарахгүй байхад хүртэл тэр бодлоосоо ухрах дургүй байна. Унасан
бөхөд шалтаг мундахгүй гэгчээр тусгай программчлагдсан автомат машинд
хүртэл дайн зарлахад тултлаа төрийн эрхэнд дурлаж байна гэдэг МАН гэдэг
нам ерөөсөө төлөвшилгүй 90 жил болжээ гэдгийг л харуулаад байгаа бус
уу.
Бас болоогүй хэдэн зуун залуус МАН-ын байранд цугларч дэмжиж
байна гэж тус нам болчимгүй мэдэгдэл хийсэн. Гашуун түүх болж хоцорсон
долдугаар сарын 1-нийг тэд хүсээгүй байлтай. Яг дөрвөн жилийн өмнө ямар
эмгэнэлт явдал болсныг иргэд эрх биш санаж тиймэрхүү үймээнд
оролцохооргүй сургамж авсан болохоор улстөрчдийн тоглолтод орж
хохирохгүй л болов уу.
“Сонгуулийн дүн гарсан. АН илүү суудал авсан.
Автомат машин будилаагүй”. Сонгуулийг удирдан явуулах эрхтэй бас
үүрэгтэй СЕХ ингэж хэлсэн. Үүнээс өөр үнэлэлт дүгнэлтийг хэн ч хийх
эрхгүй.