
Хүний хүчин зүйлээс хамааралтай, булхай луйвар орох магадлалтай гар тооллогын аргыг халж, цахим уншигчаар санал хураалтыг явуулсан нь энэ удаагийн сонгуулийн нэг онцлог төдийгүй дэвшил байлаа. Энэ нь ч сонгогчдод таалагдаж, сонгууль ямар нэг булхай луйваргүй боллоо гэдэгт итгэлтэй байгаа юм.
Гэтэл цахим уншигчаар явуулсан санал хураалтын дүнд улс төрийн намууд, үүн дотроо эрх баригчийн хувьд сонгуулийг шат шатанд зохион байгуулсан Монгол Ардын нам ч итгэхгүй байгаа нь хачирхалтай.
Уг нь санал хураалтын дүнг үнэн зөв эсэхийг магадлахын тулд заавал гараар тоолох шаардлагагүй юм байна. Учир нь санал тоологч машин сонгогч нэг бүрийн саналын хуудсыг зураг болгон хуулж авч үлдсэн юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн тойргийн санал өгсөн сонгогч бүрийн санал хуудсын хуулбар хадгалагдан үлдсэн гэсэн үг. Ингээд ч зогсохгүй эдгээр саналын хуудсын хуулбарыг нэр дэвшигч бүрт CD болон DVD дээр хуулж өгсөн байна.
Санал уншигч машинд уншигдсан саналын хуудас болгон ийнхүү зураг болон үлдэж байгаа гэдгийг сонгогчид мэдээгүй байж болох талтай. Тэгвэл санал хураалтын дүнг баталгаажуулан баримт болгож буй саналын хуудсын хуулбарыг гар дээрээ авсан нэр дэвшигчид болон улс төрийн намууд үүнийг хамгийн сайн мэдэж байх учиртай. Тэгэхээр санал тооллогын дүнд буюу цахим уншигчид итгэхгүй байгаа бол дахин гараар тоолох шаардлага тавихаасаа өмнө саналын хуудсын хуулбарыг тоолон тулгалт хийх ёстой юм биш үү?!