Нийлүүлэлт нь хэтэрсэн эрдсийн уналт

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

Нийлүүлэлт нь хэтэрсэн эрдсийн уналт

Дараагийн дөрвөн жилд Монгол Улсын төрийн эрхийг барих хүмүүсийг сонгох
сонгууль улс орон даяар өрнөж дууслаа. Харин энэ хойгуур олон улсад
эрдсийн зах зээл тэр чигээрээ уналтад ороод байна. Евро бүсийн хямрал,
уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн илүүдлээс болж ханшийн уналтад ертөөд
буй энэхүү зах зээлийн талаарх тоймыг хүргэе.

ЗЭСИЙН ҮНЭ БУУРЧ ЭКСПОРТ ХУМИГДАВ

Хоёр
сарын өмнөөс ханш нь унаж эхэлсэн зэсийн үнэ өнөөдрийн байдлаар
Лондонгийн металлын биржид 7354 ам.доллар байна. Энэ сарын 25-нд 7426
ам.доллар гэсэн хаалтын ханштай байснаас дахин огцом доошилжээ. Манай
улсын экспортын 27.8 хувийг зэсийн баяжмал эзэлдэг. Олон улсад ханш нь
ийнхүү унасаар байгаа нь манай улсын эдийн засагт таагүй нөлөө
үзүүлэхийг эдийн засагчид хэлж байна.

Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ ханшийг үндэстэн дамнасан
цөөхөн компани тогтоодог. Тэр дундаа Хятадад дэлхийн нийт зэсийн 23.6
хувийг баяжуулдаг. Манай улсын зэсийн экспорт урд хөршөөс 100 хувь
хамааралтай. Хэрэв олон улсад зэсийн нийлүүлэлт их хэвээр байвал манай
улсын экспорт хумигдаж, үнэ нь улам унасаар байх бололтой. Лондонгийн
металлын биржид мэдээлснээр зэсийн үнэ цаашид улам доошилно гэжээ.

НҮҮРСНИЙ ҮНЭ УУЛ УУРХАЙН ХУВЬЦААНЫ ХАНШИЙГ УНАГАЖ БАЙНА

Өнгөрсөн
даваа гарагт Хятад улс агуулах дахь нүүрснийх нь нөөц дүүрснийг
мэдэгдсэн. Энэ нь хар болон коксжих нүүрсний үнэ цаашдаа буух
магадлалтайг санууллаа. Манай улсын нийт экспортын 31.2 хувийг нүүрс
эзэлдэг. Сүүлийн нэг жилийн хугацаанд коксжих нүүрсний үнэ 30 гаруй
хувиар буурч, өнөөдрийн байдлаар манай улс Хятадад 33-116 ам.доллараар
нүүрсээ худалдаж байна.

Дэлхий даяар нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт нь буурч байгаа учир
ханш нь дахин доошилно гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.
Тухайлбал, эрдсийн түүхий эдийн мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг "Платс"
2013 оны үнийн урьдчилсан таамгаа 10 хувиар бууруулж нэг тонн нүүрс 213
ам.долларт хэлбэлзэнэ гэж үзжээ. Түүнчлэн 2014 онд коксжих нүүрсний үнэ
дахин таван хувиар буурч 205 ам.доллар болох аж.

Одоогоор Хятадын боомтуудад коксжих нүүрсний үнэ сарын эхэн үетэй
харьцуулахад тонн тутамдаа 40 юаниар буурч, 1540 юань болоод байгаа юм.
Харин Австралийн боомт дээр 220 гаруй ам.доллар байгаа бол эрчим хүчний
нүүрс 88 ам.доллар болж буурчээ. Олон улсад ийнхүү нүүрсний ханш унаж
байгаа нь манай улсын уул уурхайн компаниудын хувьцаанд сөрөг нөлөө
үзүүлж эхэллээ.

Тухайлбал, Хонгконгийн биржид IPO гаргадаг "Mongolian Mining
Corporation" компанийн хувьцаа түүхэндээ хамгийн доод үнэдээ хүрч 800
төгрөг буюу 4.51 хонгконг доллар болжээ. Энэ нь сүүлийн гурван сарын
хугацаанд 37 хувиар, анх хувьцаагаа зарж эхэлснээс 50 орчим хувиар
буурсан үзүүлэлт юм.

ОХУ ХАР АЛТНЫ ТАТВАРЫГ БУУЛГАЖЭЭ

АНУ
болоод Евро бүсийн санхүүгийн хямрал дэлхийн зах зээл дэх газрын тосны
үнэ буурахад нөлөөлж байна. Ердөө хоёр сарын өмнө 126 ам.доллар байсан
нэг баррель газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар 93 ам.долларт хүрчээ.
АНУ-ын газрын тосны нөөц тооцоолж байснаас өндөр гарсантай холбоотойгоор
ийнхүү ханш унахад бас нөлөөлсөн гэж үзэж байгаа. Үүнтэй зэрэгцэн ОХУ
ирэх сарын 1-нээс газрын тосны экспортын татварын үнийг тонн тутамд 12
хувиар буюу 50 ам.доллараар бууруулна гэдгээ мэдэгдлээ.

Ингэснээр бензиний экспортын татвар 45.4 ам.доллараар буурах аж.
Бензиний үнэ нь хойд хөршөөс хамааралтай байдаг манай улсын хувьд энэ нь
сайн мэдээ юм. Харин экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ
ийнхүү унасаар байгаа нь эдийн засгийн бодлогоо чангатгахыг сануулж
байна.

Б.Солонго
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж