Наадмын хонь 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

Наадмын хонь 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна

Улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Малчид аль хэдийнэ хол, ойр гэлтгүй малаа туугаад хотыг зорьж эхэлжээ.

Наадмын хонины үнийг сонирхохоор олны хэлж заншсанаар "22-ын шалган
өнгөрүүлэх товчоо"-г зорилоо. Тууж ирсэн мал саяын үргэлжлэн орсон
бороонд цохиулж зутарсан талаар малчид хэлж байна. Харин машинд ачиж
авчирсан нь тууврын малыг бодвол өнгөлөг, тарга тэвээрэг сайтай байсан
юм.

Үнийн хувьд 100 мянгаас 250 мянган төгрөгийн хооронд байна. Тарган эр
хонь 250 мянга, дундаж хонь 170 мянга, төлөг 100 мянган төгрөгийн
ханштай байлаа. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн үнэ гэсэн юм.
Өнөөдөр нийслэлийн хүнсний захуудад хонины мах нэг килограмм нь 7-8
мянган төгрөгийн үнэтэй байна. Малчдын яриаг сонирхвол:


Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Э.Баатарсүрэн:

-Хотод ирээд гурав хонож байна. Хонио машинд ачиж ирлээ. Тууврын хонины
мах амт муутай болчихдог юм. Махны үнэ тэнгэрт хадаад байгаа учир бид
зах зээлийн үнээр л малаа борлуулж байна. Хотод мал бэлчээх газар
хомсхон байна. Аль болох ногоо бараадуулаад сууж байна даа. Даанч
хөөгөөд байх юм. Уг нь 22-ын товчооноос дотогш хэтрээгүй юм чинь
хориглох хэрэг байхгүй баймаар. Бид энд таваас илүү хонодоггүй. Хотынхон
сайн хонийг шилж аваад дуусахаар нь үлдсэнийг нь бөөндчихнө. Эсвэл
буцаагаад аваад явдаг. Малаа зовоохгүйн тулд энд удаан байх аргагүй л
дээ.

Сүхбаатар аймгийн малчин С.Давааням:

-Би өчигдөр өглөөний зургаан цагт 40 хоньтой ирсэн. Харин цагдаа нар мал
оруулахыг хориглосон гээд Налайх руу хөөгөөд байна. Хотынхон Налайхад
очиж мал авна гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор гүрийгээд байж байна.
Уг нь нийслэлийн ногоон бүсэд малчдыг оруулчихвал махны үнэ буурна.
Махны үнэ өндөр байгаа үед наадмынхаа хонийг амьдаар нь авчихвал дотор
гэдэс, толгой, шийр, арьс гээд унац нь их байдаг.

Б.Агиймаа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж