”Ард түмнээс Засгийн эрхийг нь булаах ёсгүй”

Хуучирсан мэдээ: 2012.06.30-нд нийтлэгдсэн

”Ард түмнээс Засгийн эрхийг нь булаах ёсгүй”

УИХ, НИТХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа дуусаад хоёр хонож байна. Гэтэл НИТХ-ын сонгуульд ялсан нэр дэвшигчдийн нэр одоо болтол тодорхойгүй байна. Сонгуулийн ерөнхий хороо бол нийслэлийн Сонгуулийн хороо дүнгээ нэгтгэж байгаа гэсэн мэдээлэл өгч байгаа. Энэ мэт сонгууль тойрсон асуудлын хүрээнд НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-Нийслэлийн сонгуулийн хороо дүнгээ нэгтгэж байгаа гэх ч одоогоор урьдчилсан дүнг танилцуулаагүй. Та бүхэнд байгаа мэдээллээр Ардчилсан нам нийслэлд хэдэн суудал аваад байна вэ?

-НИТХ-ын сонгуульд Ардчилсан нам 26, МАН 15, гурав нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, нэг суудлыг нь ИЗНН авсан гэсэн мэдээллийг Нийслэлийн сонгуулийн штаб надад өгсөн.

-26 гэдэг бол үнэмлэхүй ялсан гэсэн үг. Ардчилсан нам олонхи болсон байна. Нийслэлчүүдэд Ардчилсан намын амлалт буюу 5А амлалтаа хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?

-НИТХ-ын сонгуульд уриагаа болгосон 5А хэмээх амлалтаа би нийслэлийн Засаг даргаар томилогдсон өдрөөсөө эхлэн хэрэгжүүлж эхэлнэ. Хуучин НИТХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, хаалтын хурлаа хийнэ, шинэ НИТХ-ын төлөөлөгчид тангарагаа өргөнө. Ерөнхий сайдад НИТХ-ын төлөөлөгчдийн гишүүд Засаг даргаа сонгох хүсэлтээ хүргүүлэх ёстой. Үүний дараа Засаг дарга томилогдоно.

-Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн тохилог орон сууц хөтөлбөр нэлээд шүүмжлэл дагуулсан. Төсөв санхүүгийн хувьд нэлээн өндөр гэх мэт?

-Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн зардал орон сууцанд амьдарч байгаа айл өрхөөс илүү өндөр байдаг. Тэр дундаа өвлийн улиралд гурав, дөрөв дахин өндөр байдаг. Би гэхэд 1-р 40 мянгатад гурван өрөө байранд амьдардаг. Манайх ус, тог, байрны мөнгө гээд сард 70-80 мянган төгрөг өгдөг. Тэгвэл гэр хороололд амьдарч байгаа иргэн нүүрс, мод  авна, гал түлнэ,  ус зөөнө гэх мэт ажиллагаа ихтэй. Цэвэр ус гэхэд орон сууцанд амьдардаг хүнээс зургаа дахин бага ус хэрэглэдэг. Ингээд бодохоор гэр хорооллын иргэдийн хэрэгцээ өвлийн улирлын үеэр 300-400 мянган төгрөг болж байна. Ашиглалтын зардал нь тохилог орон сууцанд амьдардаг айлынхаас хамаагүй их гардаг.

-Төсвийн хөрөнгө үүнд хүрэлцэх үү?

-Тохилог орон сууцтай болох нь нийтийн орон сууц барихаас 10 дахин хямд. Тухайлбал, 32-ын тойргийн тэнд долдугаар хороолол барихаар 596 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн. Тэнд 8200 айлын газрыг чөлөөлж, 9200 айлд орон сууц барих юм гэсэн. Гэтэл тэр 8200 өрхөд инженерийн шугам татахад 15 тэрбум төгрөг болж байгаа юм. Тэнд нь цэцэрлэг, сургууль барихад 35 тэрбум, нийлээд 50 тэрбум төгрөг болж байна гээд бод доо. Төсөв талаасаа яривал 596 тэрбум төгрөгийн 10 хувьд нь хүрч байгаа юм. Өөр талаас нь хараад үзье. Долдугаар хорооллыг барихад хэр хугацаа зарцуулж байгаа билээ. Гэтэл нүүлгэн шилжүүлсэн 8200 өрхөд инженерийн шугам татаад, моргейжийн зээл олгоод, байшин барь гэхэд хэр хугацаанд барих вэ. Хийхгүй гэвэл шалтаг мундахгүй гэдэг шүү дээ. Хийж болох л зүйл. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж болох том ажил.

-Инженерийн шугам тавихад их мөнгө зарцуулна гэж яриад байдаг шүү дээ?

-Инженерийн шугам сүлжээ тавихад гарсан хөрөнгө нь тухайн газартаа шингэж байдаг. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгийн үнэтэй хашаа инженерийн шугамд холбогдвол 170 сая болох гэдэг ч юм уу, энэ мэтээр газрын үнэнд шингэдэг. Бүр бодит жишээ гэвэл, 20 сая төгрөгийн үнэтэй байсан хашаа инженерийн шугаманд холбогдоод 170 сая төгрөг болсон байсан. Инженерийн байгууламжийн их тодорхой аксиом байдаг. Хэвтээ шугам газарт шингэж, айлаа баяжуулдаг, босоо шугам компаниа баяжуулдаг гэдэг шүү дээ.

-Тэгвэл энэ бүтээн байгаалалтад бэлтгэхийн тулд гэр хорооллынхон эхлээд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Газрын гэрчилгээ буюу эзэмших гэрчилгээг хувийн өмчлөлд шилжсэн гэрчилгээгээр солино. Гэр хорооллын нийт иргэдийн 7,5 хувь нь л газраа хувийн өмчид шилжүүлсэн байгаа. Бусад нь кадастрын зургийн мөнгийг нь дийлэхгүй гээд шилжээгүй байдаг. Баталгаатай байлгахын тулд хувийн өмчид, тухайн өрхийн өмчид инженерийн шугам татах шаардлага гарч байгаа юм. Хувийн өмч болгох эрх нь нийслэлийн газрын албанд бий. Ингээд инженерийн шугамд холбогдсон газрыг нь барьцаалаад  моргейжийн зээл олгож эхэлнэ. Тухайн өрхийн байшин барих хөрөнгийг тооцож, зээл олгоно. Ажилтай хүн байртай болно. Тэгэхээр залуучууд маань ажил голохгүй хийгээд л байвал байртай болно гэсэн үг. 

-Моргейжийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаа мөнгө хэрэггүй гэсэн үг үү?

-Орлогын байдлыг нь харж үзнэ л дээ. Судалгаа хийхээр моргейжийн урьдчилгаа мөнгийг хийх боломжгүй айл өрхүүд гарч ирнэ. Ийм айлуудад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа мөнгийг нь төрөөс даах гэдэг юм уу, ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлнэ. Урьдчилгаа мөнгө өгөх боломжтой айл өрхөөс бол авна. Энэ нь дараагийн айл өрхүүдэд зээл олгохын тулд урьдчилгаа авч байгаа гэсэн үг юм. Гэхдээ урьдчилгаа гэхээр  хэдэн сая төгрөг гэж ойлгож болохгүй. Боломжийн, тухайн айл өрхийн орлогод нь тааруулж зохицуулах юм.

-Моргейжийн нөхцөл нь ямар байх юм бэ?

-Ер нь бол манайд зургаан хувь гэж ярьдаг. Энэ бол өндөр хувь. Дэлхийн стандарт нь 2-4 хувь байдаг. Түүнээс өндөр байхаар нөгөө хүн нь, айл өрх нь ядуураад, хүнд тусаад эхэлдэг. Бид бол моргейж өгөхдөө инфляцитай үед өгдөггүй. Энэ нь нөгөө талаар төрийн бодлого явж байгаа юм. Өөрөөр хэлбэл, моргейжийн зээл өгөөд, нөгөө газрыг нь үнэ цэнэтэй хөрөнгө болгож байна гэсэн үг. Монгол Улсын газар үнэ цэнэтэй болж байна гэсэн үг юм. Моргейжийн зээлээр байшин барьж байгаа иргэн газраа алт болгож байна гэсэн үг юм, нэг талаар.

-Амлалтын биелэлт зургаан жилийн хугацаанд дуусна гэж байгаа шүү дээ?

-Болж өгвөл бид зургаан жилээс өмнө хийх хүсэлтэй байна. Эхний ээлжинд иргэний газрын өмчлөлийн асуудал байна, тэгээд шугам тавина. Үлдсэн нь иргэд моргейжийн зээл авахаас шалтгаалах зүйл юм. Моргейжийн зээл гэдэг нь газраа барьцаалаад байшин барих л гэсэн үг шүү дээ. Дээрээс нь гэр хорооллуудаар СӨХ байгуулах шаардлага гарна. Дулааны шугам, сүлжээ эвдэрсэн тохиололд шийддэг газар буюу СӨХ байх шаардлага бий болж байгаа юм. Энэ мэтчилэн ажлуудыг хийнэ. Гэхдээ бид төлөвлөсөн хугацаанаас өмнө ажлаа хийхийг хүсч байна.  Хамгийн чухал асуудал нь газрыг нь хувийн өмчид шилжүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, газрын эрх мэдэл ард иргэдэд шилжиж байгаа юм. Гадны орнуудад гоё, сайхан байхын тулд өндөр байшин барьдаггүй шүү дээ. Газар үнэтэй байсан учраас авсан газартаа барилга барьж байгаа бол зөвхөн дээшээ барь гэсэн л бичигдээгүй хууль үйлчилж байна. Мөн бид нийтийн орон сууцны дунд зөвшөөрөл олгож байгаа шууд хязгаарлана. Тухай оршин суугчдаас бүгдээс нь зөвшөөрөл авсны дараа газраас өмчилж ав гэх юм. Үүнийг нь шууд хуулиар хязгаарлаад өгчих юм. Гэр хороолол ч бай, орон сууцан дунд ч бай газар авах гэж байгаа бол тухайн хэсгийн оршин суугчдаас заавал зөвшөөрөл ав гэж. Дэлхийн бүх хотын удирдлагуудын баримталдаг ардчилсан зарчим шүү дээ.

-Нөгөө талаар орон сууцаа тохилог болгох гээд ажилд орох шаардлага байгаа?

-Тэгэхээр ер нь их гайхалтай л даа. Би чамаас нэг юм асууя. Одоо манай залуусын зарим нь буруу яриад байдаг. Ажил олгогч нар өдрийн 20 мянган төгрөг өгье гэхэд ирж ажиллаж өгөхгүй байна шүү дээ. Ажилласан нь долоо хоног болоод л гарчих юм. Хамгийн гол нь тэд яагаад ажиллахгүй байна гэдгийг бодохгүй байна. Тэр залуу яахаараа Солонгост очоод өдрийн хэдэн ажил давхар хийгээд байгаа юм, энд залхуу байсан хүн яагаад тэнд очоод төрөл арилжаад байна? Яагаад гэвэл бид хөдөлмөрийг нь үнэлж чадахгүй байна. Жишээ нь, би нэг зар гаргая гэж бодъё л доо. Ажилласны хөлсөнд нэг өрөө байр өгье гэвэл ажилд орох гээд оочирлоод зогсчихно. Солонгост яагаад очоод ажиллаад байгаа юм? Хоёр жил ажиллаад гурван өрөө байртай болчихоод байна шүү дээ. Тиймээс гэр хороолол, амины орон сууцыг бариулаад байгаа нь хөдөлмөрийн зах зээл дэх нийлүүлэлтийг нь идэвхжүүлээд байгаа хэрэг. Энэ нь Өрнөдийн, барууны ертөнцийн нийгмийн оршин тогтнож буй үндэс нь ажил хийвэл орон сууцаа ав гэдэг болоод байна. Барууны оронд профессор хүн өөрөө мөнгөө цуглуулаад байр авъя гэвэл 40 жил шаардлагатай. Тэгтэл улсаас 30 жил байр эзэмших эрхтэй шүү дээ. Тиймээс хөшүүргэ нь Моргейжээр барууны орнууд орон сууцыг нь хувьчилж өгөөд цалин, орлогоос нь суутгадаг болчихлоо. Бид нар залуусаа ийшээ шилжүүлэх гээд байна. Ажил хий, орон сууц бэлэн.

-Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдол буурах нь мэдээж?

-Гэр хорооллынхоныг гал түлэхийг болиулвал агаарын бохирдол байхгүй болно. Бохир, цэвэр усыг нь инженерийн шугамаар шийдчихвэл хөрсний бохирдол арилна шүү дээ. Монголд гадаадын хүмүүс ирээд нэг л юмыг гайхдаг. Гэр хорооллыг хараад “Бүгд хашаандаа хүндэрч байгаа юм уу. Угаадсаа хашаандаа асгаж байна уу?” гэж асуугаад дуу алддаг. Би энэ сонгуулийн үед инженерийн хүмүүст хэлж чадаагүй  л дээ. 560 мянган хүний угаадас, ялгадсыг хөрс рүүгээ шингээж болохгүй. Үүнийг цэвэрлэх байгууламж руу явуулах хэрэгтэй байхгүй юу. АНУ-д 20-иос дээш хүн цугладаг газарт заавал инженерийн шугам сүлжээ байгуулах стандарттай. Яагаад гэвэл 20 хүн цуглавал энд аюул болж байна гэсэн үг. Хэрэв олон хүн цугладаг газар инженерийн шугам сүлжээ байгуулахгүй бол гэмт хэрэг гэж үзэж байна.

-Авлигын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Авлигын асуудлыг шийдэхийн тулд эхлээд зарчмуудаа шийдэх хэрэгтэй. Ард иргэдэд эрхийг нь өгчих хэрэгтэй. Хоёрдугаарт газрын алба бол бүртгэлийн алба. Тэгтэл газар олгох эрхийг нь олгоод байна. Гуравдугаарт, төр стандартаа л шаард. Баянхошуу бол эко хотхон. Тийм болохоор энд үйлдвэржүүлэлт хийж болохгүй гэдгээр заачих хэрэгтэй. Шувуун фабрик, Баганхангай бол жижиг дунд үйлдвэрийн хот. Налайхыг жижиг, дунд үйлдвэрийн хот гэдэг ч юм уу. Үүний тулд сул байгаа газрыг олгоё. Замыг нь тавиад өгье, эмнэлгийг нь бариад өгье. Тэгвэл албан газрууд тийшээ явна шүү дээ. Одоо бол ганц Сүхбаатарынхаа талбайг тойроод бужигначихсан. Уг нь бол нийслэл хот маань дэндүү их нягтралтай хотуудын тоонд ордоггүй. Вашингтоноос ес дахин бага.

-Бас нэг санаа байдаг нь төрийн үйлчилгээнүүдийг хотын зах руу шилжүүлэх асуудал байгаа?

-Тэгэлгүй яахав. Нэгдүгээрт, Нийслэлийн захиргааг гэр хороолол руу нүүлгэх. Нийслэлийн удирдлага бол дарга нарын асар биш, үйлчилгээний газар. Тиймээс үйлчилгээ хамгийн бага газарт очиж ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол үйлчилгээнийхээ чанарыг мэдэхгүй байна. Хоёрдугаарт, гэр хорооллынхоо зах зээлийг идэвхжүүл. Гуравдугаарт, Улаанбаатар Туул гол руу гаа, ой руугаа шахаад ирлээ. Одоо бага зэрэг тэнцүүлж, хойшоо явуулах хэрэгтэй.

-Өнгөрсөн 22 жилийн хугацаанд ийм байдалд хүрчихсэн шалтгаан нь юу юм бэ?

 
-Хотын социалист төлөвлөлтийг тэр чигээр нь үргэлжлүүлчихсэн. Хот байгуулалт ямар байна, нийгмийн байдал тийм байдаг. “Аман хуур” кино гарсан учир нь тэр шүү дээ. “Морьтой ч болоосой” кино тэр хоёр нэг зэрэг гарсан. “Морьтой ч болоосой” нь ардын аж ахуйтны малыг нийгэмчлэх санаатай. “Аман хуур” бол хашааны газрыг нийгэмчлэх гэсэн агуулгатай. Түүнээс хойш бид бүгд орон сууц гэхээр нийтийн орон сууц гэж л боддог. Гэр хорооллынхон орон сууц авахаар дугаарлаж байна гэж үздэг болчихсон. Орон сууц гэхээр нийтийн орон сууц л гэж боддог. Харин сүүлийн үед чинээлэг хэсгүүд нь амины орон сууц дээр юм байна гээд түүн рүү шилжиж байна. Саяхнаас гэр хорооллынхон үүнийг ойлгох болсон шүү дээ. Хот төлөвлөлтийн социалист байдлаас татгалзаж чадаагүй болохоор ийм байдалд хүрсэн. Одоо бол хот төлөвлөлтийн ардчилсан хэлбэр рүү шилжих хэрэгтэй. АНУ-д хотынх нь  барилгын 10 хувь нь өндөр байшин байна. Энэ бол стандарт. Гэнэтийн аюул, осол тохиолдвол бөөнөөрөө үхэх юм уу. Тиймээс зориуд ингэж тараадаг.

-100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 75 хувийг нь нийслэлд байгуулахдаа гэр хорооллын иргэдийг хамруулна гэсэн үг үү?

-100 мянган айлын орон сууцыг хэрэгжүүлэхдээ хувь хүмүүсийн газрыг дээрэмдэж болохгүй. Сул газраа очиж барих хэрэгтэй. Хашааны газартай хүмүүс тэндээ амины орон сууцаа барина биз дээ. Компаниуд тэгж их баримаар байвал тэр инженерийн шугам сүлжээ байгуулагдсан газраа худалдаж аваад барихгүй юу.

-Нийслэлд сул газаргүй учир иргэд газар өмчлөхийн тулд нийслэлээс холдох хэрэгтэй болох уу?

-Харин тэгээд л газрын наймаачдад зарчихсан байна шүү дээ.

-Энэ асуудлыг шийдэх боломж байна уу?

-Байлгүй яахав.

-Үндсэндээ ихэнх газрыг нөөцөлчихсөн байна шүү дээ?

-Үгүй. Тэрийг буцаана. Яагаад гэвэл, иргэнд газар өмчлүүлэх хуультай. Залуу гэр бүлд газраа өмчлүүлээд аав, ээжээс нь өрх тусгаарлуулмаар байна. Гэтэл газар байхгүй байна шүү дээ. Нэг компани 120 га газар авчихаж. Одоо болиулах хэрэгтэй. Эхлээд хуулийнхаа дагуу иргэндээ газрыг нь өгвөл зах зээл нь ажиллаж эхэлнэ.

-Нийслэлийн хамгийн хүнд асуудал бол утаа. Утааг яаж бууруулах вэ?

-Утааны голомтоос л эхлэх хэрэгтэй. Хамгийн хүнд асуудал бол утаа л байна шүү дээ. Ингэхдээ хотын төвөөс эхлэх хэрэгтэй байх. Эхний ээлжинд Гандан, 32-ын тойрог, Зурагтын урд талын энгэрийг. Гэхдээ энэ бол эхний ээлжинд, үүнтэй зэрэгцэээд л алслагдмал дүүргүүдэд ажлуудыг эхлүүлж, аль болох л зэрэг дайрна. Яагаад гэвэл, энэ дайрахын ач холбогдол нь хажуу хөршид инженерийн шугам сүлжээ тавигдаад эхэлбэл, дагаад л хөдөлгөөнд орно.

-Сүүлийн асуултыг арай өөр зүйлээр асууя. Одооны улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын тухай. Сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцсон. Гэтэл сонгуулийн дараа 10 нам хоёр эвсэл нийлж, сонгуулийн саналыг гараар тоолъё гэж ярих боллоо. 

-Бид өмнөх сонгуульд, 1992, 2000 онд утаа гартлаа ялагдаж байлаа. Энэ Ардын нам ерөөсөө ялагдаж сураагүй байна. 2004 онд л гэхэд тэнцээд гараад ирэхэд сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй гэж байсан бол 2008 онд луйвар хийгээд эхэлсэн. Ардын нам л ганцаараа Засгийн эрх барих ёстой юм уу? Ард түмний сонголтыг хүчээр авах гэж байгаа юм уу. Юу болоод байгааг ойлгоход хүнд байна шүү. Тиймээс Ардын нам ингэж даврах юм бол хайр найргүй дарах хэрэгтэй. Би үүнийг хариуцлагатай хэлж байна. Ард түмнээс Засгийн эрхийг булааж болохгүй. Тэд нар сонгуулийн тооллогыг дахин хийнэ гэх юм. Мөнх оргил, Энхболд нар “Дахин тооллого бүтэхгүй, яаж дахин тоолох юм бэ, шодож байгаад тоолуул” гэж өөрсдөө хэлж байсан хүмүүс шүү дээ. Шодож тоолно Ардын намын санал байсан гэдгийг харин хэлчихье.

Эх сурвалж: “EAGLE NEWS” телевиз
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж