Бодлогын хүү өссөн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Бодлогын хүү өссөн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Монголбанк бодлогын хүүгээ нэг функтээр нэмэгдүүлж, 11 хувьд хүргэсэн тухайгаа өчигдрөөс эхлэн албан ёсоор мэдэгдлээ. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар зарим хүмүүсээс тодруулсан юм.

Эдийн засгийн халалтаас сэргийлсэн хэрэг

Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр:
-Улс орнууд янз бүрийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад янз бүрийн арга хэмжээ авч байна. Манай урд хөрш хувьд эдийн засаг нь хурдацтай хөгжиж буй учир бодлогын хүүгээ нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа. Өөрөөр хэлбэл, зээлээ хязгаарлах арга хэмжээ авч байна гэсэн үг. Гэтэл хойд хөршийн хувьд эсрэгээрээ бодлогын хүүгээ бууруулж эдийн засгаа түргэтгэх арга хэмжээг авч байна. Манай улсын хувьд ч Монголбанк цаг үетэйгээ уялдуулан бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн болов уу. Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр эдийн засаг дахь халалтыг бууруулна. Урьд нь манай улсад 2007, 2008 онд зээл олголт их хэмжээгээр нэмэгдсэнээс эдийн засагт халалт бий болж байсан. Мөнгөний нийлүүлэлт нь эдийн засгийн өсөлт, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнийхээ өсөлттэй жигд тэнцүү явах учиртай. Энэ тэнцвэр алдагдсан тохиолдолд Монголбанк бодлогын хүүгээрээ зохицуулалт хийдэг. Хоёр хөрш орон маань мөнгөний бодлогын хувьд хоёр өөр бодлого барьж байгаагийн дээр манай улсын экспорт эхний дөрвөн сарын байдлаар 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Экспорт маш хурдацтай тэлж байна гэсэн үг. Энэ тэлэлт бусад салбартай жигд хурдацтай байхгүй бол зарим салбарт халалт үүсэхийг үгүйсгэхгүй. Үүнтэй л холбоотой авсан арга хэмжээ байх.

Бид зээлийн хүүгээ өсгөхгүй

Хаанбанкны дэд захирал Д.Батсайхан:

-Монголбанк бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэдэг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаа зах зээлийн зарчимд нийцүүлэхээр гаргаж буй бодлого шүү дээ. Тиймээс эдийн засагт гарч болох гажуудлаас сэргийлэх сайн талтай байх биз ээ.
-Монголбанк бодлогын хүүгээ нэмэхээр банкууд зээлийн хүүгээ дагаж нэмэх нь бий. Танайх зээлийн хүүгээ нэмэх үү?
-Тийм тал бий. Гэхдээ энэ удаа манайх зээлийн хүүгээ нэмэхгүй. Яагаад гэвэл манай банкны хувьд эх үүсвэрийн хувьд хангалттай байгаа. Монголбанкнаас зээлийн эх үүсвэр авдаггүй. Тийм учраас зээлийн хүүг нэмэхгүй.

Зээлийн үнэ өндөрсөнө
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ц.Даваадорж:

-Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтийг барих үүднээс ийм шийдвэр гаргасан болов уу гэж таамаглаж байна. Сая гаруй хүнд 70 мянган төгрөг тараалаа. Өмнө нь ч цагаан сарын үеэр мөн төдий тооны хүнд мөнгө тараасан. Тийм болохоор мөнгөний нийлүүлэлт, инфляцийг барих зорилгоор ийм шийдвэрт хүрсэн биз ээ. Банкуудын зээлийн хүү Монголбанкны бодлогын хүүтэй шууд хамааралтай байдаг учир зээлийн үнэ өндөрсөнө гэж ойлгох учиртай.

Бодит сектор сэргэхэд саад болно

Эдийн засагч Н.Дашзэвэг:
-Монголбанкны бодлогын хүү 11 хувь байна гэдэг өөрөө маш өндөр үзүүлэлт. Тэгэхээр төв банк бодлогын хүүгээ өсгөнө гэдэг эерэг гэхээсээ илүү сөрөг үр дагавруудыг авчрах магадлалтай. Ноднин жил үйлдвэрлэгчдийн хувьд маш хүнд жил байсан. Арайхийн хүндрэлийг давах өнгө аяс мэдэгдээд эхэлмэгц бодлогын хүүгээ өсгөж байгаа нь эдийн засгийн бодит сектор сэргэхэд, үндэсний үйлдвэрлэл хөгжихөд ихээхэн саад учирна гэсэн үг. Бодлогын хүүний өсөлтөөс болж Монголбанкны дагалдах хүү өсөхийн зэрэгцээ арилжааны банкуудын зээлийн хүү ч нэмэгдэнэ шүү дээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж