Дэлхийн банк Бангладешийн “Padma” гүүрийн төсөлд зориулан олгох гэж байсан зээлээ цуцалжээ. Уг мэдэгдлийг өнгөрсөн баасан гаригт Дэлхийн банкны Авлигын эсрэг хорооноос мэдэгдсэн байна. Дэлхийн банкны албаныхны мэдээлж байгаагаар дээрх зээлийн төслийг цуцалсан явдал нь Бангладешийн авлигын үзүүлэлттэй холбоотой ажээ. Уг төсөл нь Бангладешийн нийслэл Дака хотыг Ганга мөрөнтэй холбох 6.2 км-ийн урттай “Padma” нэртэй гүүрийн төсөл байсан юм. Бангладешийн Засгийн газрын албаныхны мэдээлж байгаагаар дээрх гүүрний төсөлд зориулж 3 тэрбум ам.долларын зээлийг 2014 онд Дэлхийн банкнаас олгохоор болоод байсан ч тус улсын Ерөнхий сайдын мэдэгдсэнчлэн 2011-2012 оны авлигын үзүүлэлтүүд дээрх шийдвэр гаргахад нөлөөлжээ. Дэлхийн банкны авлигатай тэмцэх хорооны мэдээлснээр Дэлхийн банз зээл цуцлах шийдвэр гаргахаас өмнө тус улсын Засгийн газрыг авлига бууруулах талаар шийдвэртэй алхам хийхийг даалгасан байжээ. Гэвч тус улсын Засгийн газрын зүгээс авлигын асуудалд дорвитой шийдвэр гаргаж чадаагүй учраас Дэлхийн банкны дэмжлэгийг алдаад байна.
Э.АНХТУЯА