Харин 2008 оны сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөлгүй, төв талбайд жагсч байсан иргэд энэ удаа сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх “УЛС ТӨРИЙН СОЁЛ”-ыг нам, эвслээс шаардаж байна. Үүнийг интернет уншигчдын сэтгэгдлээс, facebook, twitter хэрэглэгчдийн “жиргээ”-нээс тодорхой харж болохоор. Тэд улс төрийн нам хүчнүүдэд “Ялагдлаа хүлээж сурах”-ыг шударгаар зөвлөжээ. Намууд албан бус мэдээлэл хийж, СЕХ саналын дүнг урьдчилсан байдлаар танилцуулснаас хойш МАН болон бусад намууд нэгдэн, СЕХ-нд саналыг гараар дахин тоолохыг хүссэн мэдэгдэл явуулсныг иргэд гайхаж байна.
Sh.ganbold (202.70.39.*)
-Ялагдсанаа хүлээж сур
202.126.92 (202.180.216.*)
-Унасан бөхөд шалтаг мундахгүй
Naya (202.72.246.*)
-Гараар тоолох байсан л юм бол анхнаасаа яах гэж ийм үнэтэй машин авч, төрийн мөнгөөр тоглодог юм бэ. Сонгогч үнэхээр тэр машин руу цаасаа нугалаад хийчихсан бол гацаж л таарна ш дээ. Тэр мэт хүний нөлөөгөөр гарсан алдааг тухай бүрт нь шийдэж байгаа биз дээ.
Зочин
-Намууд саналыг гараар тоолох тухай мэдэгдэл хийж байгаа нь маш хариуцлагагүй алхам. Ийм мэдэгдлийг хийж яаж болдог байна. Юун машинд зөрчил гарах. Бас хэсгийн болон тойргийн хороонд хяналтын тооллого хийх гэж юуг хэлж байна.Ямар хууль журмыг үндэслэж, хэн ямар эрхтэйгээр ийм зүйл хийдэг байна вэ. Иймэрхүү аюултай мэдэгдэл энэ хүн яаж хийж байна гэдгийг огт ойлгохгүй байна.
Зочин:
-Өөрсдөө энэ автоматжуулсан сонгуулийг сонгочихоод одоо болохор бусад ялагдсан намууд бие биенээ турхирч байна. Ялагдлаа хүлээж сурдаг улс төрийн соёл манайд үгүйлэгдэж байна…
Энэ бол сонгогчдын үг. Парламентын сонгуулиа ирц бүрэн, идэвхи сайтай, улс төрийн соёлтой, шударга, зөв яваасай гэсэндээ хуулиа хүндэлж, эрхээ эдэлсэн ард түмний төлөөллийн сэтгэгдэл.
Өмнөх сонгуулиудтай харьцуулахад иргэд, сонгогчид энэ удаагийн сонгуульд улс төрийн өндөр соёлтой оролцсон. Өглөөний 07.00 цагаас урьтаж хэсгийн хорооны гадна дугаарлаж эхэлсэн сонгогчдын хөл аль ч хэсгийн хороодод дундрахгүй байсаар 20.00 цагтаа багтсан нь иргэдийн сонгуулиа хүндэтгэсэн нэг хэлбэр юм. Тиймээс ч тэд улс төрийн соёлыг нам, эвслүүдээс шаардаж байна.
Нэг үгээр хэлбэл, мэдэгдэл мэдээлэл хийх бүртээ “Саналын хуудсыг дахин тоолно, энд ийм зөрчил, тэнд тийм зөрчил гарсан” гэх тайлбарыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дахин дахин явуулж байгаа нь сонгогчдыг залхааж байна. Улс төрийн намууд сонгуультай холбоотой элдэв гомдол, зөрчил байгаа гэж үзэж байгаа бол түүнийгээ хууль, журмын дагуу СЕХ-нд мэдэгдэж, хуулийн дагуу шийдүүлэх ёстой болохоос хэвлэлээр сүржин мэдэгдэл хийж, иргэдийг төөрөлдүүлэх нь зохисгүй юм.
Тийм ч учраас “Сонгуулийн тухай хууль батлахдаа автоматаар тоолно гэж хууль эрх зүйн орчныг нь зохицуулсан мөртлөө, дүрмийн дагуу нэг нэг тойргоос хоёр хэсгийн хороог сонгон авч, гараар тоолоход автомат машины саналтай зөрөөгүй байхад улс төрийн нам, хүчнүүд нийгэмд буруу ойлголт өгөхүйц үйлдэл гаргаж, хэвлэлийн хурал хийлгэж байгаагаа болих хэрэгтэй” гэдэг сануулгыг СЕХ-ны дарга Н.Лувсанжав өгсөн биз ээ.
Хамгийн гол нь ард түмний сонголт, улс төрийн идэвхийг хүндэтгэж, тайван амгалан, шударга сонгуульдсан иргэдийн оролцоог мохоохгүй байхыг комментчид хүсч байна. Соёлтой сонгуульдсан иргэд улс төрчдөөс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх “УЛС ТӨРИЙН СОЁЛ”-ыг шаардаж байна.
Иргэний зориг ногоон намын нэр дэвшигч Б.Ганбатын Facebook-ээс ишлэхийг хүсэв. Тэрбээр өөрийн хуудсандаа,
-“Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт ялалт байгуулсан Баярцогт, Эрдэнэбат хоёртоо баяр хүргэж, амжилт хүсье. Олныхоо итгэлийг байнга санаж ажиллаарай. Мөн ИЗНН-ыг, намайг дэмжиж санал өгсөн нийт Сэлэнгэчүүддээ их баярлалаа. Би өөрт ноогдсон үүргийнхээ дагуу сонгогдсон хоёрынхоо амлалт хөтөлбөрийг биелүүлэхийг шахаж ажиллана аа” гэжээ.
Энэ чинь л улс төрийн соёл шүү дээ, улстөрчид өө.