Том Круз, Кейти нар салахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.30-нд нийтлэгдсэн

Том Круз, Кейти нар салахаар шийджээ

Саяхныг хүртэл Холливудын хамгийн алдартай, хамгийн бат бөх хос гэгдэж байсан Том Круз, Кейти Холмс нар таван жилийн хамтын амьдралаа эцэслэж, гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн тухай ВВС мэдээлэв. Энэ асуудал дээр ажиллаж буй тэдний өмгөөлөгч Жонатан Вольф салалтын талаарх мэдээллийг баталсан бөгөөд тэдний хувийн асуудлыг хүндэтгэн үзэхийг хүсчээ.

Хайрын романсаа эхэлснээр хэвлэлийнхний бай болж, "TomKat" гэгдэж байсан тэд таван настай Сури гэх охинтой. Өдгөө 49 настай Круз өмнө нь Николь Кидмэнтэй гэрлэж байсан бөгөөд тухайн үед Том, Николь нар хоёр хүүхэд өргөн авч байжээ. Харин Том, Кейти нар 2006 оны арваннэгдүгээр сард Италийн сүрлэг харшид хуримласан билээ.

Том Крузын хэвлэлийн төлөөлөгч "Кейт гэр бүлээ цуцлуулахаар өргөдөл гаргасан. Том энэ асуудалд нухацтай хандаж, гурван хүүхдийнхээ асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа. Тэдний хувийн эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү" хэмээн ВВС-д мэдээлсэн байна.

Харин Холливудын хов живийг хамгийн түрүүнд тарааж орхидог TMZ.com-д Кейти өнгөрөгч пүрэв гаригт Нью-Йоркийн шүүхэд очиж, гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан гэж мэдээлжээ. Ингэхдээ тэрбээр охиныхоо асран хамгаалах эрхийг өөрөө бүрэн авахаар шүүхэд хандсан гэнэ.

Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш олон нийтийн арга хэмжээнд хамт очиж харагдаагүй тэдний салалт Холливудын хамгийн үнэтэй салалтуудын нэгт тооцогдох нь гарцаагүй гэгдэж байна. Тэдний хөрөнгийг дунджаар 275 сая ам.доллар гэж тооцоолж байгаа юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж