-Санал тоолох машиныг “Бодь групп” оруулж ирсэн гэдэг мэдэгдлийг зарим улстөрийн хүчнээс хийх болсон. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу. Үнэхээр тус компани оруулж ирэв үү, эсвэл өөр журмаар оруулж ирсэн байхад нь ийн хамаатуулаад байна уу?
-Санал тоолох машинтай “Бодь групп” ямар ч холбоогүй.
-Автомашинтай холбоотой гомдол нэлээд гарч байна. Тухайлбал, автомат машинаар уншуулсан саналын дүн, гараа тоолсон хяналтын тооллогын дүн хоёр хол зөрүүтэй байна гэх юм. Автомат машины нууцлал, аюулгүй байдал хэр баталгаажсан байдаг юм бэ. Зарим улстөрийн хүчнийхний хэлснээр флаш хийгээд л саналын үр дүнг өөрчлөх бололцоотой гэх. Сонгуулийн ерөнхий хороо автомат машиныхаа саналын дүнд хэр итгэл үзүүлж байна вэ?
-Сонгуулийн автоматжуулсан системд хэрэглэгдэх техник хэрэгслийг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг сонгосон. Ингэхдээ тус ажлын хэсэг нь эхэлж техник технологийн шийдлийг сонгож, Сонгуулийн ерөнхий хорооны хуралд танилцуулж, хороо нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд асуудлыг оруулж зөвшилцөн тэр дагуу холбогдох компанитай гэрээ байгуулж ажилласан. Энэ сонголтоор АНУ-ын “Доминион вотинг” компанийн техник хэрэгсэл шалгарч, энэ компанитай гэрээг 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр байгуулж энэ ажил хэрэгжээд явж байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуулийн 26 тойрог тус бүрт санамсаргүй сонголтын буюу сугалааны аргаар хоёр, хоёр хэсэг дээр хэсгийн санал хураалтын дүн гарч, тогтоол батлагдсаны дараагаар хяналтын тооллогыг гараар хийсэн. Нийт 52 хэсгийн санал тоолох машинаас гарсан саналын хуудсуудыг тоолж үзсэн. Энэхүү туршилтын гараар тоолсон тооллогын дүнгээр үндсэндээ санал тоолох машины тайланд гарсан тоо батлагдаж байгаа. Түүнээс хэвлэл мэдээллээр яриад байгаа шиг саналын дүн 1000-аар зөрсөн юм байхгүй.
Тодорхой улстөрийн хүчнүүд янз бүрийн мэдэгдэл хийж, тоо баримт ярьж байна. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд санал тоолох машины тоо серверт ирж нэгтгэгдсэний үндсэн дээр урьдчилсан мэдээллүүдийг өгч байгаа. Тиймээс автомат машинаар уншуулсан тоог хэн ч өөрчлөх арга байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд зааснаар тухайн хэсгийн хорооны санал хураалтын дүнг зурган файл хэлбэрээр нам, эвслийн ажиглагчид авч тулган шалгах боломж хуулиар олгогдсон. Энэ дагуу намууд файлыг авч, тулгаж үзэж байгаа. Бидэнд одоогоор санал хураалтын дүн зөрсөн гэх гомдол ирээгүй. Техник хэрэгслийг ашиглах, хэрэглэхтэй холбоотой нарийн журам бий. Бүгд тодорхой шалган туршилт хийж гэрчилгээжүүлж баталгаажуулсны үндсэн дээр лацдаж, хөдөлгөөнгүй болгож ажиллуулж байгаа. Хэн нэг дуртай этгээд энэ машины санах картыг аваад өөрчлөөд суугаад байдаг ажил биш. Мэдэгдэл хийж байгаа нөхдүүд түүндээ хариуцлагатай хандах хэрэгтэй. Бодитой баримттай, нотолгоотой мэдэгдэл хийвэл зүйтэй байна. Ер нь сонгуулийн санал хураалтын дүнтэй холбоотой мэдэгдлийг ялангуяа улстөрийн хүчин нийтэд хандаж хийж байгаа бол хариуцлагатай хандаач ээ. Хэрвээ буруу гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарвал наанадаж туйлын хариуцлагагүй мэдэгдэл хийсэн хэрэг болно, цаанадвал хууль номынхоо дагуу эрүүгийн гэмт хэргийн шинжтэй асуудал болж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж шалгагдахыг үгүйсгэхгүй. Тийм учраас асуудалд илүү бодитой хандаач ээ гэж хэлэх байна.