Нэг л сайхан нартай өдөр авьяаслаг гэрэл зурагчин Глин Дэвис арилжааны зураг авалтаас залхаж өөрийн фото студийг байгуулаад “Glyn Davies Photo Artist” галлерейгаа нээж орхисон билээ. Чухам тэгээд л бидэнд энэхүү гэрэл зурагчны гайхалтай байгалийн зураглалуудыг сонирхох, бишрэх боломж нээгдсэн хэрэг. Уран бүтээлч өөрийн ажлаар гурван ч ном гаргаснаас хоёрыг нь хунтайж Уильямс, Екатерина гүнж нарт хуримын бэлэг болгож британийн ерөнхий сайд өргөн барьсан байдаг.
“Сүүлийн 30 жил захиалагч нартай ажиллаж байсан бол одоо өөртөө зориулж зураг авч байх боллоо. Хүмүүс ирж миний ажлуудыг үзээд хүсвэл худалдаж авдаг. Үгүй бол… яваад л өгдөг. Энэ маш энгийн учраас надад таалагддаг” гэж гэрэл зурагчин сэтгэлээ уудалж байна.
Глин Дэвис Их Британийн Корноуллд төрж өссөн. 1987 онд залуу зурагчин “Фото, кино, телевизийн” чиглэлээр Лондонгийн Harrow-д эрдмийн зэрэг хамгаалсан байна.
Ажлынхаа гарааг “Yachting World”/”Дэлхийн завинууд”, “Country Living”/”Хөдөөгийн амьдрал” болон бусад сэтгүүлүүдийн захиалгыг гүйцэтгэж эхэлжээ. Мэргэжлийн зурагчин гэсэн нэр алдрыг хүртээд BBC, S4C зэрэг телесувгуудтай хамтран ажиллаж, Midland Mainline (төмөр зам), National Grid (эрчим хүч) компанийн сурталчилгааны төсөлд оролцож байжээ. Мөн 13 жил Уэлсийн Их сургуульд багшилж байгаад дөнгөж 2002 онд өөрийн галерейгаа нээсэн хэрэг.
“Заримдаа галерейдаа би байгалийн дүрслэлийн гэрэл зурагтай холбоотой миний сонирхол, үзэл бодлыг хуваалцдаг хүмүүстэй ярилцдаг. Ийн харилцах нь миний ажлын хамгийн шилдэг шагнал. Би яг өөрийнхөө байран дээр байгаа учраас урьд өмнөхөөсөө илүүтэй аз жаргалтай, өөртөө итгэлтэй байна” гэж Дэвис ярьж байна.
Дэвис аялан явахдаа шинэ шинэ зураг дарсаар. Түүнийг далайн сэдэв улам бүр татсаар… Тэрээр Мальт, Сноудониа, Корнуолла, Азорын арлуудын эргээр хэсч, газар усны уулзварт цаг уур эрчтэй солигдож, хүн Далай эхийн төрмөл хүч, гоо сайхантай шууд харьцдаг тэр л онгон байгальд дахин давтагдашгүй зураглалаа бүтээсээр…
Эх сурвалж: glyndavies.com