Нью Йоркийн Venus Over Manhattan галерейгаас хулгайлагдсан Сальдадор Далигийн "Cartel de Don Juan Tenirio" усан будгийн зургийг шуудангаар буцааж ирүүлсэн тухай Reuters мэдээлж байна.
Энэ зургийг Дали 1949 онд зурсан бөгөөд 2012 оны 5 сард нээгдсэн галерейн эхний үзэсгэлэнд багтаж байсан юм. Өмнө мэдээлж байсанчлан, 6 сарын 19-нд нэгэн туранхай эр танхимд орж ирээд хамгаалагчийг зураг авч өгөхийг хүсчээ. Хамгаалагчийн анхаарал сулрахад хулгайч хананаас зургийг авч хар уутанд хийгээд онцын хүндрэлгүй авч гарсан юм.
Долоо хоногийн эхээр галерейд үл таних хүнээс цахим шуудан ирж, “зураг замдаа яваа” тухай мэдээлжээ. Илгээмж Европоос ирсэн бөгөөд илгээгчийн нэр, хаяг нь хуурамч байсан байна.
Мөрдөгчид илгээмжийг нью йоркийн онгоцны буудлаас хураан авч галерейн эздэд өгөхөд тэд Далигийн зургийн жинхэнэ эх эсэхийг шалгасан юм. Цагдаа нарын үзэж байсанчлан, нэгэнт зураг хулгайлагдсаныг хэвлэлээр шуугисан учраас хар зах дээр борлуулах боломжгүй болоод зургийг эргүүлж өгсөн бололтой. Бүтээлийг ойролцоогоор 150 мянган долларт үнэлж байсан билээ.
Галерейгийнхан дээрх үйл явдалд тайлбар өгөхөөс татгалзаж байна.