Данид Монголын соёлын өдрүүд болж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Данид Монголын соёлын өдрүүд болж байна

Данийн Вант Улсын Лемвиг хотноо 2012 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний хооронд “Монголын соёлын өдрүүд” /Mongolsk kultur uge/  арга хэмжээ зохиогдож байна.

Дани улсад ажиллаж, амьдарч буй иргэн Н.Гансүхийн гэр бүл Дани дахь “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр өмнөх жилүүдэд “Монголын соёлын өдөр”-ийг зохион байгуулж ирсэн байна.

Энэ жилээс уг арга хэмжээгээ өргөжүүлэн, өөрийн хүч хөрөнгөөр 4-8 ханатай монгол гэр 6 ширхэгийг хийж бэлтгэн, Монгол орныг сурталчлах фото болон уран зургийн үзэсгэлэн гаргаж, монгол ардын дуу, хөөмий, бүжиг, уран нугаралт зэрэг үндэсний урлагийн “Хан Богд” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг үзүүлж, монгол ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон хувцасны загварыг сонирхуулсан 7 хоногийн турш үргэлжлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

 
Данийн Вант Улсын Баруун хязгаарын Лемвиг нутгийн оршин суугчид төдийгүй зуны улиралд 25 мянга орчим жуулчид цуглардаг газруудын нэг болох Бовбери фүр /Bovbjerg fyr/ хэмээх 1877 онд баригдсан түүхэн гэрэлт цамхагийн дэргэд зохион байгуулагдаж байгаа Монголыг сурталчлах уг арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас Данийн Вант Улсад суугаа Элчин сайд Б.Энхмандах оролцож, Монгол орны талаар товч мэдээлэл хийсний зэрэгцээ эх орноо сурталчлан таниулах ажлыг өөрийн нөөц бололцоонд тулгуурлан жил бүр уламжлал болгон хийж байгаа Н.Гансүх болон түүний эхнэр Б.Нандинсан нарт талархал илэрхийлж, “Монголын соёлын өдрүүд” нь Монгол орныг сурталчлах томоохон ажил болж байна гэдгийг тэмдэглэсэн байна. Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахад нь ЭСЯ-ны зүгээс туслалцаа, дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан дэмжлэг хүсэхээ илэрхийлэв гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж