“Сонгууль амжилттай болсонд бахархаж байна”

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

“Сонгууль амжилттай болсонд бахархаж байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилсан сонгууль амжилттай болж өнгөрсөнд бахархаж буйгаа илэрхийлэв

Долоо дахь удаа явагдаж буй шударга бөгөөд чөлөөт сонгууль нь Монгол Улс дахь ардчиллын үндэс суурийг улам бүр бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэх нь:
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж долоо дахь удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн явцыг ажиглаж буй олон улсын байгууллагын төлөөлөл, сэтгүүлчдэд хандан дараах мэдэгдлийг хийлээ:

“Өнөөдөр Монголын ард түмэн ардчилсан хувьсгалаас хойш долоо дахь удаагийн шударга, чөлөөт сонгуульд амжилттай оролцон, санал өгсөн явдалд бахархаж буйгаа илэрхийлье. Энэ удаагийн сонгуулийн үр дүнд манай улс ардчилал, хөгжлийн замаар дахин нэг алхам урагшиллаа. Ази тив дэх ардчиллын бэлгэ тэмдэг болсон Монгол Улс нь эрх чөлөөт байдлыг бататгах, ижил тэгш боломжоор хангах үүргийг ард түмнийхээ болон олон улсын анд нөхдийн өмнө хүлээдэг билээ. Энэ долоо хоногт өгсөн саналаараа манай ард түмэн эрх баригчдад хийсэн ажлынх нь төлөө хариуцлага хүлээлгэж чаддаг, авлигатай тэмцэх, ил тод байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх нь нийт монголчуудын хувьд нэгдмэл зорилго хэвээр буйг батлан харууллаа. Ард түмнийхээ эрх ашгийг хангах, олон улсын өмнө хүлээсэн тогтвортой ардчилсан орон болох үүргээ амжилттай биелүүлэхийн тулд бүх улс төрийн намын гишүүд хамтран ажиллаж, Монгол Улс 21 дүгээр зуунд хүлээж буй сорилтуудыг амжилттай даван гарахад хувь нэмрээ оруулах ёстой. Энэхүү зорилт нь нэн чухал бөгөөд учир нь ард түмний амьдралыг таатай түвшинд хүргэх, хойч ирээдүйдээ өсөн дэгжих боломжийг бий болгохын тулд хамтын ажиллагаанд тулгуурлсан засаглал зайлшгүй юм. Би шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд хандан Монгол орныхоо үнэт баялгийн тогтвортой ашиглалтыг хангаж, нийт монголчууд эдийн засгийн өсөлтийн үр дүнг тэгш хүртэх боломжуудыг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

Өнөөдөр Монгол Улсын түүхэнд нэн чухал өдөр хэмээн тэмдэглэгдэн үлдэх болно. Бид чөлөөт, шударга сонгуулийг дахин амжилттай явуулсандаа бахархах эрхтэй. Харин одоо бидний өмнө асар их, нэн чухал ажил хүлээж буйг умартах ёсгүй. Миний бие улс орноо хөгжил дэвшлийн замаар урагшлуулахын төлөө Улсын Их Хурлын шинэ бүрэлдэхүүн, иргэний нийгмийн болон бизнесийн бүлгүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна. Ингэснээр манай ард түмэн итгэл найдвар, санал, дуу хоолойгоо илэрхийлсний үр шимийг өөрсдийн биеэр болон үр хүүхдийнхээ ирээдүйд хүртэх болно гэдэгт итгэлтэй байна.”

2012 оны 6 дугаар сарын 28
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж