Ингээд 17 тойргийн урьдчилсан дүнг тайлбарлаж танилцуулсан юм. Дүн бүрэн гараагүй байгаа учир хэсэг хугацааны дараа өөрчлөгдөж болох аж. Одоогоор улсын хэмжээнд нийт 82 автомат машины дүн толгой серверт ирээгүй байгаа юм байна.
“Гар аргаар хяналтын гар тооллого хийх гэж цаг их авсан. Тоологчид ядарсан. Тэр хэрээр сонгуулийн дүн удсан. Машины болоод автомат тооллогыг харьцуулсны үр дүнд сонгуулийн булхайг машин бус гар аргаар тоолоход хийдэг юм байна гэдэг нь тодорхой болсон” гэж СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн хэллээ.
Сонгуулийг ажигласан гадаадын ажиглагчид СЕХ-ны удирдлагатай уулзаж саналаа хэлсэн байна. “Монгол Улсад автоматжуулсан системээр сонгууль явуулна гэхэд гайхаж байсан. БНСУ, ОХУ-д хийж чадаагүй системийг монголчууд нэвтрүүлж санал авч чадлаа. Хэдэн жилийн өмнө ажиглалт хийхэд нэлээд хоцрогдсон болхи аргаар сонгууль хийж байсан. Энэ удаа сонгуулийг сайн хийлээ” гэж БНСУ, ОХУ-ын ажиглагчид дүгнэжээ. “Бүр бидэнд туршлага болохоор сонгууль боллоо” гэж хэлсэн байна.
Автомат машинд нэг хувийн алдаа гарч болохыг анх гэрээндээ заасан байжээ. Гэтэл алдаа 00.00 хувь гарсан байна. Машин гацахад гар аргаар тоолох горимд шилжинэ гэсэн ёсоор сонгуулийн цөөн хэсгийн хороонд гарсан машины саатлын улмаас саналын хуудсыг гараар тоолсон дүн СЕХ-нд ирээгүй байгаа ажээ.
Зарим даамал зөөврийн хайрцгаар авсан саналын хуудсаа машинд уншуулахаа мартсанаас гар аргаар тоолсон байна. Өмнөх сонгуулиудаар 20-иод мянган сонгогч зөөврийн хайрцгаар сонгууль өгч байсан бол энэ удаагийн сонгуулиар 15 мянга орчим болж буурчээ.
Сонгуулийн өдөр архи, мөнгө тараасан зэрэг асуудлыг хэрхсэн талаар асуусан сэтгүүлчийн асуултад Н. Лувсанжав дарга “Тойргийн хороод асуудлыг шийдэж зарим гомдлыг цагдаа шүүхэд өгсөн. Хэрэг тогтоогдвол шийлгэл хүлээлгэнэ” гэлээ.
Маргаангүй тойргуудад ялагчдад УИХ-ын гишүүний түр үнэмлэмх олгож байгаа аж. Өмнөх хэвлэлийнх бага хурал дээр МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн нэр дэвшигч Ч.Чимидсүрэнг бие даагч гэж саналын хуудсан дээр бичсэн байна гэсэн асуудал гарсан. Энэ бол гүтгэлэг байсан гэдгийг СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн хэллээ. Бүх нам, эвслийн удирдлага саналын хуудсан дээр гарын үсэг зурж баталсан гэдгийг дахин мэдэгдлээ.
Тойргийн хороод албан ёсоор дүнгээ гаргасны дараа сонгуулийн эцсийн албан ёсны дүнг зарлана гэдгээ Н.Лувсанжав дарга хэлсэн юм. Албан ёсны дүн гараагүй байхад мэдээлэл хийж буй нам, эвслийн дарга нарт СЕХ-ны зүгээс анхааруулга өгчээ.