“Circus Mongolia Khadgaa” Астанад тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

“Circus Mongolia Khadgaa” Астанад тоглоно

“Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид Казакстаны Астана хотод болдог “Eco Asia” олон улсын циркийн наадамд оролцохоор тус хотын шинэ циркт хэдийнэ бэлтгэлдээ гарчээ. Уг наадам ирэх долдугаар сарын 1-8-нд болох бөгөөд олон улсын циркчид шилдэг үзүүлбэрээ дэлгэн толилуулдаг аж. Монгол Улсаа төлөөлөж буй “Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчдийн тухайд дэлхийд гайхагдах уран нугаралтыг агаарт болон газарт хослуулан хийж, тэнд цугласан циркчдээс өвөрмөц үзүүлбэрээрээ ялгарахаар зорьж буй гэнэ. Энэхүү үзүүлбэрийг тус циркийн найруулагч Ч.Хатанбаатар найруулж байгаа ба нугараач Ж.Цэрэндулам, А.Энхгэрэл нар дэлхийн циркчдэд толилуулах нь ээ. Харин тэдний дасгалжуулагчаар Т.Буд ажиллаж байгаа юм.  Казакстаны Астана хотын цирк нь байгуулагдаад зургаан жил болж байгаа дэлхийн хамгийн отгон цирк гэнэ.

Сонирхуулахад, “Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид өнгөрсөн нэгдүгээр сард Монакогийн вант улсын Монте Карло хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын циркчдийн 36 дугаар наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “хүрэл алиалагч” цом хүртсэн юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж