Сонгууль шударга боллоо гэж үзэж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Сонгууль шударга боллоо гэж үзэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч А.П. Торшин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч “Та бүхэн Монголд ирж, сонгуульд ажиглагчаар оролцсонд талархаж байна. Та бүхний санал дүгнэлтийг сонсохыг хүсч байна” гэлээ.

А.П.Торшин ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн даргын мэндийг дамжуулаад Монголд сонгууль маш шударга болсныг дурдав. Тэрээр хэлэхдээ “Хамтын нөхөрлөлийн орнууд болон бусад олон газар сонгуульд ажиглагчаар оролцож байсан. Ийм сайн зохион байгуулсан, санал өгөх электрон машин болон хурууны хээ таниулах техник хэрэгслээр 100 хувь хангасан сонгууль хаана ч, хэзээ ч үзээгүй. Ахмадуудад бэрхшээл учрах болов уу гэж бодож байсан. Тийм зүйл ч гарсангүй. Бид нийслэл, аймгийн төв, сум зэрэг арав гаруй газрын сонгуулийн хэсгээр орж ажиглалаа. Өглөө долоон цаг гэхэд хүмүүс олноороо ирж саналаа өгөхөөр урт цуваа үүсгэсэн байсан. Монголын бүх намаас, бас гадаад орнуудын гээд маш олон ажиглагч сонгуулийн тойрог, хэсгүүдэд ажилласан. Гадаадын ажиглагчдад үүргээ гүйцэтгэх сайхан боломж олгосонд баяртай байна. Сонгуулийн бүх тойрог, хэсгүүдэд хаана нь ч очсон сайн зохион байгуулалт, дэг журам угтаж байсан. Бүх сонгогч саналаа өөрийнхөөрөө өгөх боломжийг бүрэн хангасан гэж бодож байна. Ямар ч зөрчил олж хараагүй. Бид бусад орны ажиглагчдын саналыг ч сонслоо. Тэд ч бас бидэнтэй санал нэг байсан. Сонгууль маш өндөр түвшинд хуулийн дагуу, шударга боллоо гэсэн сэтгэгдэл төрүүллээ” гэж хэлэв.

Мөн ОХУ-ын удирдлага хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа илүү эрчимжээсэй хэмээн хүсч байгаа бөгөөд шинээр байгуулагдах парламент, Засгийн газар үүнд анхаарна гэдэгт итгэж буйг тэрээр дуулгалаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол улсад болсон сонгууль Та бүхэнд ийм эерэг сайхан сэтгэгдэл төрүүлснийг сонсоход таатай байна. Та бүхэн Монголын сонгуульд ирж оролцож байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдол өгч буйн нэг илрэл гэж бодож байна. Бид хойд том хөрштэйгөө харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд байнга анхаардаг. Учир нь бид тусгаар тогтнолоо хамгаалахдаа ч, бүтээн байгуулалтад ч хамтдаа явж ирсэн. Монголд шинэ парламент, шинэ Засгийн газар байгуулагдана. Үүнд Ерөнхийлөгчийн тодорхой оролцоо байх болно. Шинэ парламент, шинэ Засгийн газрын гишүүд хоёр орны хамтын ажиллагааг уламжлалт болон шинэ чиглэлээр хөгжүүлэх асуудалд анхаарлаа хандуулаасай хэмээн би хүсч байгаа. Шанхайн дээд хэмжээний уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй товчхон уулзсан. ОХУ-ын удирдлага биднийг ойлгож, томоохон төслүүд хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгааг бид мэдэрсэн. Та бүхнийг манай сонгуульд ажиглагчаар ирж ажилласанд дахин талархал илэрхийлье” гэв.

ОХУ-ын ажиглагч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүн Жамбалнимбуев Бато-Жаргал, Белоусов Сергей Владимирович, Холбооны зөвлөлийн Тамгын газрын гадаад харилцааны газрын даргын орлогч Матвеев Игорь Владимирович, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн парламент хоорондын ассамблейн Ардчиллын хөгжлийн хяналтын олон улсын хүрээлэнгийн Сонгуулийн хяналтын хэлтсийн дарга Жук Денис Юрьевич, Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд тус хүрээлэнгийн шинжээч Барышников Дмитрий Николаевич нар орсон бөгөөд уулзалтад ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт  элчин сайд В.В.Самойленко байлцлаа.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж